Дижитал, MP3 хөгжим хэрэглээнд нэвтрэх үед “Пянз, пянз тоглуулагч одоо хэнд ч хэрэггүй боллоо. Музейд тавивал таарна” гэж байв. 1970-аад онд илүү нарийвчлал, хямд өртөгтэй электрон бугуйн цаг гарч, ухаалаг утсаараа зураг дарах боломжтой болоход механик цаг, гэрэл зургийн аппарат зах зээлээс шахагдсан. Гэвч өдгөө дуу хөгжмийг пянзаар сонсох, ном уншихдаа цаасыг нь имрэх, улаан өрөөнд зургаа угаангаа хальсаар гэрэл зураг авахыг илүүд үзэх болсон зэрэг нь бүхэлдээ тансаг хэрэглээ, чамирхал болжээ. Тэгвэл кино театр, түүнийг зорих үзэгчид жил ирэх тусам багассаар байна. Цаг хугацааны явцад хэрхэхийг мэдэхгүй ч орчин үеийн хүмүүс “Кино театрт очихын тулд унаанд суух, цагаа төлөвлөхөөс эхлээд их зардал гарна. Тухайн үед л гарч буй кинонуудаас сонгож үзэх боломжтой нь хязгаарлагдмал. Түүний оронд илүү бага мөнгө төлөөд зурагтаасаа үзчих нь амар санагддаг” гэх бодолтой болсон нь нууц биш.
“МОНГОЛЧУУД ЖИЛД ДУНДЖААР НЭГ Л УДАА КИНО ТЕАТРТ ОЧДОГ”
Хамгийн анх 2003 онд “Тэнгис” нээгдсэнээс хойш манай улсад өдгөө 20 орчим кино театр 90 гаруй дэлгэцтэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Олон хүн энд танилцан дотносож явсан биз. Бусадтай болзоно гэхээр юун түрүүнд толгойд буудаг нь хамтдаа кино үзэх байдаг шүү дээ. Энэ нь өдгөө ч “моод”-ноос гараагүй. “Өргөө” дээр уулзъя, тоглох хэрэггүй” гэх шог яриа хүртэл олны дунд бий. Италийн найруулагч Жузеппе Торнаторегийн алдарт бүтээл “Cinema paradiso” (1988)-д нэгэн жижиг тосгоны кино театр болон тэнд механикчаар ажиллах ахимаг насны эр, сүүдэр шийд ухаангүй дурласан бяцхан хүү хоёрын нандин нөхөрлөлөөр дамжуулж, тэрхүү цагаан дэлгэц хүний амьдралыг хэрхэн гэрэлтүүлж, бусдыг нэгтгэж чаддагийг харуулсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү өргөн дэлгэцээр хэн нэгний бүтээлийг шимтэн үзэхээс гадна тэнд кино урлагийн ер бусын шидэд автдаг буюу. Энэ талаар нэгэн кино сонирхогч “Яаж чи ганцаараа кино үзэж чаддаг байна аа, ямар “эмо” юм бэ” гэсэн үг зөндөө сонссон. Гэхдээ юу гээч. Энэ нь надад лав хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байдаг. Харанхуй танхимд тэр том дэлгэцийг ширтээд суух үнэхээр гоё. Цагаа төлөвлөж байгаад ажлын өдөр, бүр өдрийн цагаар үзэх дуртай. Хүн багатай байдаг юм. Киногоо үзчихээд замдаа бодсон шиг ээ явах сайхан” хэмээжээ.
Киноны зах зээлийн орчныг судалсан эрдэм шинжилгээний бүтээл бараг байхгүйтэй адил юм. Зарим судалгаанаас хэдэн тоо тун анхаарал татлаа. Хүн амын тоонд харьцуулбал нэг монгол хүн жилд дунджаар ганцхан удаа театр орж кино үздэг аж. Хэдхэн жилийн өмнө аливаа бүтээл театрын нээлтээсээ хойш 80-90 хоногийн дараа дижитал платформуудад байршдаг байсан бол өдгөө энэ үзүүлэлт 18-45 өдөр болж богиносжээ. Монгол Улсын кино театрын зах зээлийн 64 хувийг монгол, үлдсэнийг нь гадаад кино эзэлдэг. Түүнчлэн манай орон дотоодын контентоо түлхүү үздэг цөөхөн улсын нэг бөгөөд ихэнх нь Холливудын бүтээлүүдэд зах зээлээ бүрэн алдсан байдаг гэнэ.
Хүмүүс кино театраар үйлчлүүлэхэд дэлгэц ба дууны чанар, үнэ, байршил хамгийн их нөлөөлдөг гэж үзжээ. Энэ талаар нэгэн иргэн “Би IPTV-д 8900 төгрөг төлөөд кино театрт гарч буй бүтээлийг гэртээ, тухтай үзэх боломжтой байхад дор хаяж 20 мянган төгрөгийн зардал гаргаад тийшээ явах шаардлагагүй шүү дээ” хэмээсэн юм. Энэ нь ч үнэний ортой. 15-19 насныхан сардаа, 20-34 насныхан улиралд нэг удаа театраар үйлчлүүлж байна. Ажил эрхэлдэггүй болон төрийн байгууллагад ажилладаг хүмүүс долоо хоногт нэгээс дээш, хувиараа бизнес эрхлэгчид сард ганц удаа, оюутан сурагчид хамгийн бага давтамжтай буюу улиралдаа нэг удаа л кино театраар үйлчлүүлдэг гэх сонирхолтой тоо ч гарчээ. Монгол залуус ихэвчлэн гадаад бүтээл үзэх сонирхолтой бөгөөд киноны гол дүрд ямар жүжигчин тоглосныг гярхай харж үзэх, эсэхээ шийддэг гэж хариулсан байх жишээтэй. Түүнчлэн уран бүтээлчид шинжлэх ухаан, уран зөгнөлт кино хийхдээ ур чадварын хувьд дутагдалтай байгааг онцолжээ. Шинэ үеийн үзэгчдийн киног сонгон үзэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь тухайн бүтээлийн агуулгын талаарх амнаас ам дамжсан яриа байдаг гэнэ шүү.
Одоо тэгвэл кино театрууд үзэгчдээ татахын тулд ямар төрлийн зар, сурталчилгаа, маркетинг хийж буйг дэлгэрүүлье. Шинэ киногоо богино видеогоор танилцуулах, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх буюу лайк дарж, сэтгэгдэл бичүүлэх, ямар кино үзмээр байгаа талаар саналыг нь шууд авах, урамшуулал зарлах (төрсөн өдрөөрөө кино үнэгүй үзээрэй гэх мэт) зэрэг арга түгээмэл хэрэглэж байна. Гэвч 2023 онд нээлтээ хийсэн Монголын 24 киноны дийлэнх нь 10 мянгаас доош үзэгчтэй байсан бол гуравхан кино нийт орлогын 68 хувийг бүрдүүлсэн нь тун сонирхолтой. Киног 18 хүртэлх насныхан кино театрт, 19-25 насныхан онлайн стрийминг үйлчилгээгээр, 36-аас дээш насныхан гэртээ телевизээр үзэх хандлагатай болсныг энд дахин дурдах нь зүйтэй.
“НЭТФЛИКС”-ЫН ЭРИН ҮЕ
Дэлхийн кино үйлдвэрлэл, контент түгээлтийн зах зээлийг илүү нарийвчлан авч үзвэл уламжлалт кино театр, IPTV болон стрийминг (OTT) платформуудын дунд маш том ялгаа үүсэж эхэлснийг дээр дурдсан. Цар тахлын дараа энэ нь бүр даамжирч, зарим студи шинэ бүтээлээ театрт нээхтэйгээ зэрэгцэн өөрсдийн стрийминг сувгаар төлбөртэй үзүүлэх хосолсон загварыг нэвтрүүлсэн нь үзэгчдийн зан төлөвт эргэлт буцалтгүй өөрчлөлт оруулсан юм. Хүмүүс гэр бүлээрээ тухтай орчинд, хүссэн цагтаа кино үзэх соёлд нэгэнт дассан тул кино театрт очих зардлаа хэмнэж, сарын тогтмол төлбөртэй IPTV үйлчилгээг илүү эдийн засгийн хэмнэлттэй, ашигтай сонголт гэж үзэх болсон аж.
Тухайлбал, алдарт “Нэтфликс” компанийн амжилтын нууц болон сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлагыг харвал тэд зөвхөн кино дамжуулдаг бус, дэлхийн хамгийн том контент үйлдвэрлэгч студи болж хувирсанд гол учир байгаа юм. Тэд АНУ-ын зах зээлээс гадна Өмнөд Солонгос, Испани, Япон, Энэтхэг зэрэг улсын кино бүтээгчидтэй хамтран тухайн үндэстний онцлогийг харуулсан, хүмүүсийн сонирхлыг гойд татаж чадах өндөр чанартай контентуудыг баруун, зүүнгүй санхүүжүүлэх болсон. Хамгийн ойрын жишээ бол “Physical Аsia” шоу билээ.
Дижитал платформууд хиймэл оюуны алгоритм ашиглан хэрэглэгч бүрийн үзэх дуртай киноны ангилалд тулгуурлан кино, шоу, нэвтрүүлэг санал болгодог системээ улам боловсронгуй болгож, үзэгчдийг дэлгэцийн өмнө “уяж” чадаад байна. Олон улсын хэрэглэгчид болон зах зээлийн судалгааны байгууллагуудын гаргасан тоо баримтуудаас үзэхэд контентын чанар сайн, сонголт арвин, уян хатан, хаанаас ч үзэх боломжтой буй нь хамгийн чухал шалгуур болсон аж. Өөрөөр хэлбэл, “лаг” визуал эффект, дуутай кино биш л бол заавал театр зорьж, цаг хугацаа, мөнгө үрэхийг хүсэхгүй байгаагаа үзэгчид илэрхийлжээ. Тэгэхээр цаг хугацааны явцад аль нь үнэд хүрэхийг харах л үлдэж дээ, үзэгчид ээ.
Д.Сэлэнгэ