Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, бүх төрлийн орлогоос авах эл татварыг нэг хувь болгох төслийг гишүүн Ж.Баярмаа санаачилсан. Засгийн газраас мөн уг хуульд зарим өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан тул ажлын хэсэг байгуулж, нэгтгэсэн юм. Энэ үедээ зөвхөн хоёр сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн ХАОАТ-ыг нэг хувь болгох, 792 мянга хүртэл цалинтай бол тэглэхээр тусгасан. Тиймээс иргэдийн 50 гаруй хувь нь эл хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг.
Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг баасан гарагт чуулганаар өрнүүлэхэд дээрх заалтуудыг олонх дэмжсэн байна. Гишүүн Ж.Баярмаа “Энэ нь хэдийгээр нийт иргэний 50 гаруй хувьд хамаарах ч эсэргүүцэх аргагүй болж байна. Мөн хүн амын цалин маш бага буйг харуулж байна. Уг нь бүх хүнд татварыг нэг хувь болговол төсвийн орлогоос 2.7 их наяд төгрөг дутна гэж байсан. Одоо ажлын хэсэг зөвхөн хоёр саяас доош орлогод нэг хувь болгосон тул төсвөөс 1.9 их наяд төгрөг дутах юм билээ. Нөгөө талдаа сард нэг иргэнд 160- 170 мянга, жилд 2-2.5 сая төгрөг үлдэх юм. Эл мөнгийг төрд өгч, өндөр татвар төлөхөөр нэг Ерөнхий сайд нь андлалын хөшөө барина, шүүмжлэхээр буцаагаад нураадаг. Элсэнд ус асгасан мэт л болдог. Төсөвт хоёр их наяд төгрөгийн дутагдал үүснэ гэж буй ч иргэдийн хэтэвчинд бодит дэмжлэг юм. Уг нь 2.7 их наяд төгрөг бүхэлдээ иргэдийн гар дээр үлдсэн бол хэрэглээнд эрс өөрчлөлт орох боломжтой байсан. Уг татварыг нэг хувиар бууруулахад эдийн засгийн үр дүн улиралд 7-8 хувиар өсдөгийг Европын орнуудын судалгаа ч байна. Уул уурхайд ажилладаг залуусаас их санал, гомдол ирүүлж байна. Гэр бүлээсээ хөл, хүнд хөдөлмөр эрхэлж байж авсан цалинг нь өндөр гэж үзээд илүү татвар тогтоох нь буруу хэмээн тэд эсэргүүцэж буй. АН бүх иргэнд хамаарах хүртэл ажиллана” гэлээ.