Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу цахилгаан, дулааны үнийг энэ сарын 5-наас эхлэн таван хувиар нэмжээ. Шинэчилсэн тооцооллоор цахилгааны үнийг нэг кВт тутамд 11 төгрөгөөр нэмж, 224 болгосон байна. Харин дулааны үнийг ам метр тутамд 25 төгрөгөөр нэмснээр 531 төгрөг болгов. Ингэснээр дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын төлбөр дээр 2300-2500 төгрөгийн нэмэлт ачаалал ирэхээр байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эрчим хүчний салбарт үнийг үе шаттайгаар нэмэх зайлшгүй шаардлага үүсээд буй аж. Ингэхдээ цахилгааны төлбөрийг 18, дулааныг 80 хувиар нэмэх шаардлагатай гэнэ. Өнөөдрийн байдлаар дулааны тариф нэг Гкал тутамд 33 862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62 960-д хүрчээ. Уг алдагдлыг өнөөг хүртэл улсын төсвөөс татаас өгөх, эсвэл салбарын байгууллагууд өөрсдөө хариуцах хэлбэрээр нөхөж иржээ. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос цаашид иргэдийн амьдралд огцом дарамт учруулахгүйн тулд үнийг шууд бус, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтлахаа мэдэгдсэн юм.
У.Цэцэг