Япон Улсад эхэлсэн “Айчи Нагоя 2026” Азийн пара наадмын тэмцээнд манай улсын баг спортын 10 төрөлд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Эмэгтэйчүүдээс жүдо бөхийн 52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Индонезийн тамирчин Новиа Ларассатиг 10:0- ээр хожив. Тэрбээр хагас шигшээд Казахстаны Алфия Тлеккабылийг вазари үнэлгээгээр (онооны харьцаа 1:0) буулган авч, алтан медалийн төлөө хүч сорихоор боллоо. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы тамирчин Хангай Шизүкад ялагдан мөнгөн медаль гардав.
Түүнчлэн таеквондогийн төрөлд оролцож буй паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав 52 кг-ын жинд тус наадмын чансааг тэргүүлж буй тул эхний тулаанд гоц мөргөж, хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Шал Чианыг 15:6- гаар илүүрхсэн. Тэрбээр өмнөх “Ханжоу-2022” наадмын шигшээ тулаанд түүнд ялагдсан бол энэ удаа дутуугаа гүйцээж, даагаа нэхсэн юм. Манай тамирчин аваргын төлөө Узбекистаны тамирчин Караматой Рустамова 2:1-ээр ялж, Азийн пара наадмын аварга боллоо. Эрэгтэйчүүдээс Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Х.Темирбек K44 ангиллын 58 кг-д эзэн орны Танака Мицүяг хожиж, хүрэл медалийн тавцанд зогсов.