Дэлхийн ясны сийрэгжилтийн эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 20-нд эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж, уг өвчний хор уршиг, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцдог билээ. Ясны сийрэгжилт нь ихэнхдээ ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь өгдөггүй аж. Гэвч хальт гишгэх, багахан гэмтэхэд бугуй, нуруу, ташаа хугарах зэргээр илэрдэг байна. Иймд ясан дахь кальцийн хэмжээг тодорхойлуулах, зөв хооллох, кальци болон Д аминдэмийг зохистой хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөв.
Нас ахих тусам яс нимгэн, хэврэх болж нягт нь багасан хугарах эрсдэл нэмэгддэг байна. Чимээгүй тахал хэмээн нэрлэгдэх болсон эл эмгэг нь зөвхөн өндөр настнуудад тохиолддог биш, кальци болон Д аминдэм дутагдах, тамхи, архины хэтрүүлэн хэрэглэх, бөөр, элэг, ходоод, бамбай булчирхай, чихрийн шижнээр өвдөх, хоол тэжээлийн дутагдал зэрэг нь ясыг хэврэг болгодог аж. Кальци нь ясны үндсэн эрдэс бол Д аминдэм кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Ачаалал авч байж яс илүү бэхэждэг тул алхах, хүчний дасгал хөдөлгөөн хийх нь тустай.
Ясны сийрэгжилт эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү тохиолддог байна. Ялангуяа цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд илүү тохиолддог нь эстроген даавар буурсны улмаас яс хамгаалах нөлөө багасдагтай холбоотойг Харвардын их сургуулийн эрдэмтэд судалжээ. Харин эрчүүдийн яс сийрэгжих нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5-10 жилээр хожуу илэрдэг ч нас ахих тусам хугарах эрсдэл нэмэгддэг аж.
Ч.Цэлмэг