Монгол Улсын Шинжлэх ухааны академи 1961 онд төрөөс томилсон есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тус академийн дотоод гишүүнийг журмын дагуу хоёр жилд нэг удаа бүтээлийг нь шалгуур үзүүлэлт болгон нууц санал хураалтаар сонгодог бол гадаад гишүүнийг Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил, ШУА-д оруулсан хувь нэмрийг харгалзан ил санал хураалтаар элсүүлдэг аж. Дотоодоос элссэн гишүүн дээд тал нь 70 байх ёстой ч энэ тоондоо хүрч байсан удаагүй.
Өдгөө дотоодын 59, гадаадын 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Энэ удаа академийн гишүүний сонгуульд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдсэн материалаа 42 эрдэмтэн ирүүлснээс 16 нь гишүүнээр өрсөлдөж байна. Тэдний дотор УИХ-ын гишүүн А.Бакей байв. Эрдэмтэд бүтээлээрээ өчигдөр үзэсгэлэн гаргасан бөгөөд академийн гишүүд эрдэмтдийн бүтээлтэй танилцан, нууц санал хураалтаар гишүүдийг сонгох юм. Оны өмнө Төрийн шагнал хүртсэн Н.Нацагням инженерийг ШУА гишүүнээр элсүүлсэн байх гэж бодсон ч тэрбээр хүсэлт тавиагүй гэнэ.
Гишүүнээр элсэх хүсэлтийг гадаадын эрдэмтдэд тавьдаг хэрнээ монгол эрдэмтдэд тавьдаггүй аж. Тиймээс эрдэмтэд өөрсдөө л хүсэлтээ гаргахг үй бол ШУА-д элсүүлдэгг үй юм байна. Төрийн шагналт, физик-математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар гэхэд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд секторын эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр “Би эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлтэй. Академийн гишүүнд анх удаа нэр дэвшиж байна. Гишүүн болно гэдэг бол нэр төрийн хэрэг” гэв.
Энэ үеэр ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шинжлэх ухааны академийн гишүүн ямар эрх, үүрэг хүлээдэг вэ?
-Шинжлэх ухааны академийн Их чуулганаар хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхэд гишүүн нь таслах эрхтэй оролцдог. “ШУАийн гишүүн учраас ийм үүрэгтэй ажиллана” гэсэн зүйл байхгүй. Судалгааны ажил нь дэлхийн шинжлэх ухааны аль ч салбарт туршихад батлагдаж байх ёстой.
-Академийн гишүүн болсноор тухайн эрдэмтэнд ямар давуу тал бий болдог вэ?
-Академийн гишүүн болно гэдэг шинжлэх ухааны салбарт үнэнч, үр бүтээлтэй зүтгэж байгаа хүмүүсийн хувьд нэр төрийн хэрэг. Мөн бүтээлээ хэвлүүлэх, нийтлүүлэхдээ ШУА-иас дэмжлэг авахаас гадна насан туршдаа гишүүний нэмэгдэл гэж тодорхой хэмжээний мөнгө авдаг. Энэ нэмэгдлийн хэмжээг Засгийн газраас тогтоодог гэв.
Дашрамд сонирхуулахад, дэлхийн 130 гаруй орон ШУА-тай. Гиш үүдээ манайхтай адил нууц санал хураалтаар сонгодог гэнэ.
Э.ЭРДЭНЭ