“Death stranding” видео тоглоомын хоёрдугаар хэсэг болох “Death stranding 2: On the beach”-ийг монгол хамтлагийн дуу хөглөж байна. Тодруулбал, “Magnolian” хамтлагийн хэд хэдэн уран бүтээл үүнд багтсанаас гадна уг тоглоомд зориулан шинээр зохиосон “Woods” дууныхаа клипийг тэд өнгөрөгч лхагва гарагт цацсан. Өмнө нь тэдний “The bride and the bachelor” дуу “Netflix”-ийн “Outer banks” цувралд багтаж байжээ. Ийнхүү тус хамтлагийн уран бүтээл олон улсад гарсан хоёр дахь тохиолдол нь энэ болов.
Уг тоглоом нь хүн төрөлхтний оршихуй, мөн чанарыг адал явдалт хэлбэрээр дүрслэн өгүүлдэг бөгөөд дэлхий даяар 20 сая гаруй хувь борлогдож, олон улсын наадмуудаас “Шилдэг найруулга”, “Шилдэг хөгжим”, “Шилдэг дүр бүтээлт” шагнал хүртэж байжээ. Зохиогч Хидео Коджима тоглоом бүрдээ хүний дотоод ертөнц, нийгмийн зөрчил, мэдрэмжийг тусгаж, яг л кино мэт хүргэдгээрээ алдартай нэгэн. Харин “Magnolian” хамтлаг бол барууны инди хэв маягийг монгол уур амьсгалтай хоршуулснаараа сонсогчдод танигдсан юм.
Д.Сэлэнгэ