Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн нээлт өчигдөр боллоо. Твининг буюу хосолмол түншлэл хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй уг төслийн нээлтэд ЕХ-ны гишүүн улс болох ХБНГУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрынхан гээд олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх үндсэн зорилготой энэ төслийг2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх юм. Улсын дээд шүүх гол түнш байгууллагаар ажиллах бол ШЕЗ, ШСХ зэрэг шүүх эрх мэдлийн байгууллагынхан хамтрах аж.
Нээлтийн арга хэмжээний үеэр албаны хүмүүс төслийн хүрээнд шүүхийн чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын чадавх, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээ онцолсон.
Төслийн үйл ажиллагааг хүлээгдэж буй үр дүнтэй уялдуулан сургалт семинар, экспертүүдийн албан томилолт, туршлага судлах аялал, зөвлөх үйлчилгээ зэрэг олон талт ажлыг төлөвлөсөн байна. Хосолмол түншлэлийн арга барил нь практикт суурилсан сургалт болон шилдэг туршлага солилцоонд тулгуурладаг бөгөөд энэхүү төсөл нь Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” стратегийн нэг хэсэг гэдгийг албаныхан хэлсэн.
С.Энхжаргал