УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хотын дарга Х.Нямбаатарыг худал мэдээлэл тарааж, гүтгэсэн гэж үзэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан талаараа мэдээлэв.
Нийслэлийн удирдлагууд 2025-2026 оны өвөлжилтөд зориулж БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдаж авах тендер зарласныг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр буй. Харин хотын дарга энэ сарын 22-нд Налайх дүүрэг дэх “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас мэдэгдэл хийхдээ хойноо байгаа шороон даланг зааж “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гарган авах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал төрсөн дүү Ж.Азжаргал болон “Паст презент фюче” компанитай хамтарч 3.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхдээ үүнийг хийсэн. Энэ далан болон төслийн хүрээнд хийсэн бусад дэд бүтцэд одоогийн байдлаар “Тавантолгой түлш”-ээс 50 тэрбум төгрөг зарцуулсан ч аудитын байгууллагынхан үр ашиггүй ажил гэж үзээд, акт тавьсан. Далан, дэд бүтцийн ажилд 50 тэрбум төгрөг зарцуулснаас гадна энэ хүмүүсийн дансанд урьдчилгаа болгож 1.7 тэрбумыг шилжүүлсэн. Нийт 52 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн” гэсэн юм. Үндсэндээ Ж.Золжаргалыг хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниар дамжуулан тендер авч, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан гэхэд болно. Тэгвэл парламентын гишүүн үүнийг үндэслэлгүй хэмээн үзэж цагдаагийн байгууллагад хандлаа. Тэрбээр “Хоорондоо огт өөр хоёр төслийг холбож байгаад, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээд нь Ж.Золжаргал гэж хэлээд, цахим сүлжээнд зохион байгуулалттай түгээсэн. Үүнийхээ учрыг хотын дарга тайлбарлах ёстой” гэв.
Парламентын гишүүнд хандсан хотын захирагчийн мэдэгдлийг Монголын баримт шалгах төвийнхөн нягтлан шалгаад төөрөгдүүлсэн, худал мэдээлэл гэж дүгнэжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал бусадтай хамтарч эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 3.4 тэрбум төгрөгөөр боловсруулсан, шороон далангаас өөр ажил гүйцэтгээгүй гэдэг нь худал, эл төслийг аудитын байгууллага үр ашиггүй хэмээн дүгнэсэн нь төөрөгдүүлсэн мэдээлэл гэж үзсэн байна. Ташрамд дурдахад, БНХАУ-аас хагас кокс худалдан авахтай холбоотой асуудлаар гишүүн Ж.Золжаргал энэ сарын 20-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн бөгөөд эл тендер нь агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас гаргасан 53 дугаар тогтоол дахь “төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш худалдаж авахгүй байх...” заалттай нийцэж байгаа, эсэхийг Засгийн газрын тэргүүнээс тодруулжээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар бол Ерөнхий сайд гишүүний асуултад 14 хоногт багтаан бичгээр хариу хүргүүлэх зохицуулалттай аж.
Н.Мишээл