“Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж буй бүсэд газар өмчлөгч иргэд эрхээ хамгаалуулахаар Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд өчигдөр хандлаа. Тэд Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд заасан газар өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх нь зөрчигдөж буйг онцолсон юм.
Иргэдийн төлөөлөл “Сэлбэ” дэд төвийн ажлыг хариуцаж буй төрийн өмчит компани Үндсэн хуульд заасан газрын харилцаатай холбоотой бидний эрхийг удаа дараа зөрчсөн. Өмчилж буй газраа дахин төлөвлөлтөд хамрагдахыг сонсоод анх баярласан. Улс бидний газрыг зах зээлийн үнээр худалдаж аваад, оронд нь байр олгох нь гэж бодож байлаа. Гэвч бодит байдал огт өөрөөр эргэсэн. Төр газрыг минь зах зээлийн үнээс хямдаар тооцож байрны урьдчилгаа олгоно, ипотекийн зээлээр сууцаа ав гэж тулгах болсон. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө бидний газрыг байраар солино гэж огт яриагүй хэр нь дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдсан айлуудад “Орон сууц өгнө” гэж амласан байна лээ. Энэ мэт ярьсан зүйл нь зөрчилдсөөр өдий хүрлээ. Одоо газраа чөлөөлөхийг өдөр, шөнөгүй шаардаж, дарамтлах боллоо” гэв.
Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо уг асуудлыг үндэслэлтэй гэж үзэн иргэдийн хүсэлтийг хүлээн авлаа.
Ц.Цэнд