Монгол Улс 2025 он гарснаас хойш эхний таван сард 659.1 мянган тонн жоншны хүдэр, баяжмал экспортолж, түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ нь жоншны экспорт өмнөх оны мөн үеэс 196 мянган тонноор өссөн үзүүлэлт бөгөөд 2023 оныхоос хоёр, 2022 оныхоос даруй зургаа дахин нэмэгдсэн таатай мэдээ юм. Өнгөрсөн онд манай улс 1.3 сая тонн жоншны хүдэр, баяжмалыг 318 сая ам.доллароор экспортолсон. 2024 онд жоншны тонн тутмын дундаж үнэ 232.6 ам.доллар байсан бол энэ он гарснаас хойш 241.4 ам.долларт хүрч өсжээ. Жоншны экспортын дийлэнхийг БНХАУ бүрдүүлж байгаа бол араас нь Хонконг, Люксембург худалдан авалтаараа удаалж байна.
Г.Сансар