Энэ улс орон, эрх чөлөө бидэнд асар их үнэ цэнээр олдсон. Гэвч Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн ч түүхийн хуудаснаа нэр нь дурдагдах төдийхнөөр үлдсэн хүн цөөнгүй байдаг. Тэдний нэг нь Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны дэд сайд, Зарлигаар зарсан Улиастай, Ховдын хэргийг бүгд захиран шийтгэгч сайдын албыг хашиж байсан Засагт хан аймгийн Бага элжигэн хошууны ноён, зоригт бэйл Ринчинпилийн Наваанцэрэн бөлгөө. Увс аймгийн Зүүнхангай сумын Нутгийн зөвлөл, “Хан Хөхий” сангаас санаачлан өнгөрсөн тавдугаар сард ШУА-ийн Түүхийн хүрээлэн “Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, зоригт бэйл Р.Наваанцэрэн” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Энэ хүний талаар түүхч Д.Түмэнжаргал, С.Тулгын хамт “Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, зоригт бэйл Р.Наваанцэрэн” хэмээх ном бичжээ. Д.Түмэнжаргалтай ярилцлаа.
-Ховд, баруун хязгаарыг чөлөөлөхөд бэйл Наваанцэрэнгийн оруулсан хувь нэмэр их юм билээ. Гэвч түүхийн хуудаснаа Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын нэр байдаг ч энэ хүний талаар дурдаагүй. Яагаад тэр юм бол?
-1912-1990 оны хооронд Үндэсний эрх чөлөөний хувьсгалтай холбоотой 60 гаруй хүний бичсэн 180 орчим ном гарчээ. Эдгээрээс гол номуудыг шүүгээд үзэхэд, Ховд, баруун хязгаарыг Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинс үрэн нар л чөлөөлсөн мэтээр бичсэн байдаг. Дотоодод нь хувьсгал гарч, Манжийн дэглэм нуран унаж байсан 1911 оны сүүлчээр Хүрээ, Улиастайг чөлөөлж, олноо өргөгдсөн Богд хаант тусгаар тогтносон Монгол Улс байгуулснаа тунхаглан зарласан ч Ховд, баруун хязгаар манж, хятадын ноёрхогчдоос чөлөөлөгдөөгүй, тэд байраа тавьж өгөлгүй, хүчээ улам зузаатгаж, аюул учруулсаар байсан. Иймээс Богдын Засгийн газраас гол гол хүмүүсийг ийш илгээж, удирдах хүнээр томилсон нь Магсаржав, Дамдинсүрэн, Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар нар байлаа. Хожим Богд хувьсгалд хэн, хэрхэн оролцсоныг дүгнэж, Наваанцэрэнг өндрөөр үнэлсэн.
Тэрбээр 1911, 1912 оны хувьсгалыг санаачилж, Богд уулын ард 18-уулаа нууцаар хуралдан, Орос руу явах хоёр төлөөлөгчөө сонгож, Богдод энэ саналаа хүргүүлсэн. Энэ хуралд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг хүн оролцсон. Зөвлөлгөөнд оролцож, хувьсгалыг санаачилсан учраас Наваанцэрэнг Цэргийн яамны дэд сайдаар, дараахан нь Ховдын хязгаарыг хариуцсан сайдаар томилсон. Наваанцэрэнг Ховд баруун хязгаарын олон хошууг дагаар оруулах, Ховд хотыг чөлөөлөх, чөлөөлсөн газраа тохинуулах үүрэгтэй томилсон. Богдын Засгийн газар түүнийг үнэлсэн боловч социализмын үед гарсан түүхийн ном бүтээлд Наваанцэрэн, Гончигдамба, дөрвөдийн ноёдыг орхигдуулан, нэрийг нь дарж, түүхийг гуйвуулсан байдаг.
-Түүхийг яагаад ингэж гуйвуулах болов. Энэ нь хэнд ашигтай байсан бэ?
-Яагаад гэдгийг нь түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Болдбаатар “Монгол Улсын түүх бичлэг, шинэчлэх чиг хандлага” бүтээлдээ “1920-иод оны сүүлчээс эхлэн ангичирхах явдал газар авч, нийгмийн амьдралын өнгөрсөн, эдүгээ, ирээдүйг ангийн байр сууринаас төсөөлж байсан нь түүхэн үйл явцыг ноцтой гуйвуулах, эзэнгүйдүүлэх, түүхэнд цагаан толбо үлдээхэд хүргэжээ. Түүхэн чиглэлээр олон арван ном зохиол товхимол нийтлэгдсэн ч эдгээр бүтээл бүх гавьяаг ганц, хоёр хүнд тохох, ингэснээр хамтран зүтгэгчдийнх нь хийж бүтээснийг бүрхэгдүүлэх, улмаар нэг хүнийг тахин шүтэх явдал газар авахад хүргэж, өнгөтэй өөдтэй бүхнийг тэдэнтэй холбож, шагшин магтаж байсан” гэж тодорхойлсон. Мөн түүхч Б.Пунсалдулам “Монголын хувьсгалын түүх бичлэг” номондоо “1950, 1960-иад оны үед зарим талаараа үзэл сурталчлагдсан байсан нь 1911 оны үндэсний хувьсгалын их үйлсийг хошуучлан, манлайлагчдын гүйцэтгэсэн үүргийг түүхэн үнэнээр нь сэргээн тавих бололцоо олгоогүй юм. Энэ үеийн түүх бичлэгт 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын тухай бичихдээ хэт магтаж, гоёж, дөвийлгөсөн байдаг бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, хамтран зүтгэгчдийн үйл ажиллагааг бууруулсан нь ажиглагдаж байна” гэсэн байгаа. Ингэж л хүмүүсийн гавьяа, зүтгэлийг бүрхүүлэгдсэн байгаа юм.
-Наваанцэрэн дөрвөд, баядын олон хошууг Монголын төрд дагаар оруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Ховдыг чөлөөл өхөд ямар үүрэгтэй оролцсон юм бол?
-Чин ачит бэйс Гончигдамбыг Улиастай, Ховдыг хариуцсан сайдаар 1912 оны хоёрдугаар сард томилсон байдаг. Тэрбээр богино хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Зарим түүхч Гончигдамбыг муу ажилласан учраас Наваанцэрэнг оронд нь томилсон гэдэг. Тийм биш. Гончигдамба томилогдоод, Манжийн өртөө, харуулын бүх албыг татан буулгаж, албаны тариа тарьж, мал маллаж байсан хошууны өрхүүдийг тараасан. Гончигдамба 15 хошууг дагаар оруулахаар батлах бичиг гаргаж, дээш нь уламжилсан ч удааширснаас зарим нь буцаж, бүрэн шийдэгдээгүй. Энэ үед Наваанцэрэнг Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайдаар, Жалханз хутагтыг хавсран зөвлөх сайдаар томилсон. Тэд Улаангом орж, Ховдын хязгаарын онц хурлыг санаачилж, хуралдуулсан. Хурлыг Жалханз хутагт, Наваанцэрэн хоёр толгойлж, Дамбийжанцан, дөрвөдийн хошуудын ноёд Галсанжамц, Содномжамцой, Урианхайн төлөөлөгчид, Хятадын талыг баримтлагч Нацаг бэйс, Далай хан оролцон, дөрвөдийн хоёр аймгийг халхад нэгтгэх, Ховдыг цэргийн хүчээр чөлөөлөх түүхэн шийдвэр гаргасан. Баруун хязгаарын олон монголчуудыг дагаар оруулахын тулд Дөрвөд далай хан Түмэндэлгэржав, Чин ван Содномжамцой, Дамбийжанцан, Жалханз хутагт, Наваанцэрэн бүх хошуунд ухуулан зарлах бичиг тараасан. Удалгүй дөрвөд, баядын бүх хошууны ноёд дагаар орох бичгээ өгсөн.
Дөрвөд, баяд, захчин, урианхай, мянгад, өөлд гэх мэт 30-40 хошуу Монголын төрд дагаар орсон. Гэхдээ их эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь Шинжааны шар сүмийн захирагч Галт ван, Нацаг бэйс, Галсаннамжил гэдэг Хятадын талыг баримтлагч тэр үеийн дөрвөд, баядыг захирч байсан хоёр ноён бусад хошуу ноёнд захиа явуулан “Халхыг битгий дага. Дагавал цэрэг явуулж, ална” гэж сүрдүүлж байсан. Хошуу ноёд дагаар орох өргөдөл, хүсэлтээ дагаар орогчдын хэргийг хариуцсан Наваанцэрэн, Дамдинбазар нараар дамжуулан, Дотоод яаманд хүргүүлж байжээ. Дагаар оруулах энэ ажил амжилттай хэрэгжсэн нь өргөн уудам газар нутагтай Монгол Улс бүрэлдэн тогтоход ихээхэн тус болсон. Хэрвээ ингэж нэгтгэж чадаагүй бол одоогийн Увс, Баян-Өлгий, Ховд аймаг байхгүй байх байлаа. Ховдыг бүсэлж, цэргүүдийг хуваарилахад Дамбийжанцан, Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар, Дөрвөдийн ноёд оролцсон. Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар нар аймаг, хошуудаас цэрэг дайчилж, Дамдинсүрэн, Магсаржав нарын цэрэгтэй нийлж, 1911 оны долдугаар сарын 8-ны өдөр Ховд хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн. Магсаржав, Дамдинсүрэн нар толгойлж оролцсон байдаг. Дайнд эвдэрсэн Ховдыг сэргээх, ард түмний сэтгэл санааг тайвшруулахад Наваанцэрэнгийн оруулсан хувь нэмэр их. Тэрбээр үүнээс гадна 1921 оны Ардын хувьсгалд хувьсгалд оролцож, гурван төрийн нүүр үзсэн, хошууны ноён хүн. Ховд, баруун хязгаарыг чөлөөлсөн хүмүүсээс нэгийг нь онцолж болохгүй. Бүгд л тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан.
-Наваанцэрэн хаана төрж өссөн хүн бэ. Одоо ач зээ нь бий юү?
-Чингисийн 25 дахь үеийн буюу Гэрсэнзийн удмын хиад боржигон хүн. Манж, төвд хэлтэй, гэрээр боловсрол эзэмшсэн. Өргөмөл нэг хүүхэдтэй. Түүнийг нь Богд нийслэл хүрээнээс өргөж авч өгсөн гэдэг. 65 насалж, 1929 онд зуурдаар нас барсан. Аав нь Ринчинпил гэж, хошууны засаг ноён байсан. Зээ хүү Санжаадорж гэж түүх судалдаг, сонирхдог хүн байсан бөгөөд Наваанцэрэнгийн талаар анх судалж, 1993 онд “Элжигэн халх мину” гэдэг ном бичсэн. Наваанцэрэнгийн хөшөөг төрсөн нутаг Увс аймгийн Зүүнхангай сумын төвд босгох гэж байгаа юм билээ. Би Санжаасүрэнгийн охин Тулгатай хамтарч “Ховд, баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, зоригт бэйл Р.Наваанцэрэн” номоо бичсэн. С.Тулга одоо “Газарчин” дээд сургуульд багшилдаг.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ