ОХУ-ын Тувагийн хилийн албаны офицер М.Аяасыг манай улсын иргэн хутгалж гэмтээн Монгол руу зугтан ирсэн хэрэг энэ сарын 5-нд гарсныг хилийн цэргийнхэн ихэд нууцалж байжээ. Бидний авсан мэдээллээр энэ сарын 5-нд Увс аймгийн Тэс сумын иргэн Б, Ө нар улсын хил зөрчин ОХУ-ын хил рүү нэлээд гүн нэвтэрсэн байсан гэнэ. Дээрх хүмүүс адуу худалдахаар Тувагийн иргэдтэй тохиролцон явж байгаад ОХУ-ын хилчидтэй тулгарсан юм байна. Б, Ө нар буцаж зугтан, улсын хил рүү ойртож явахад нь хойд хөршийн хилчид морийг нь буудаж, явгаруулсан байна. Хэдийгээр тэд явганаар зугтсан ч бүслэгдэн оросын хилчдэд баригдсан аж. Гэвч энэ үеэр Ө нь ОХУ-ын хилчнийг мөрөнд нь хутгалж гэмтээгээд Монголын хил рүү зугтан орж иржээ. Хоёр улсын хилийн албаныхан болсон асуудлыг нягталж, эрэн сурвалжилсны дүнд Ө-г Тэс суманд гэртээ бүгэж байхад нь баривчлан цагдан хориод байгаа гэнэ.