
ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН XI ЖАГСААЛТААС ЦИТИКОЛИНЫГ ХАСЖЭЭ
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохоос хамгаалах явдал байдаг. Ялангуяа архаг, суурь өвчтэй, байнгын эм уудаг хүмүүсийн хувьд даатгалын хөнгөлөлт нь тэдний санхүүгийн ачааллыг үүрэлцээд зогсохгүй амьдралын чанараа хадгалах боломжийнх нь нэг хэсэг билээ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2026 оны тавдугаар сарын 13-ны А/176 тоот тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн XI жагсаалтыг шинэчлэн батлахдаа иргэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн цөөнгүй эмийг хассан байна. Үүний нэг нь 200 мянган хүний байнгын хэрэглээ болсон Brainact буюу citicoline (цитиколин) эм аж. Өмнө нь мөрдөж байсан X жагсаалтаас шаардлагагүй, чанаргүй, үйлчлэл муутай 200 гаруй нэр, төрлийн эмийг хассан гэж салбарын сайд саяхан мэдэгдсэн. Нэг талаар энэ нь зөв ч нөгөө талаас тархины харвалт, гэмтлийн үед болон түүний дараах нөхөн сэргээх эмчилгээнд зайлшгүй хэрэглэх заалттай цитиколиныг жагсаалтаас хассанаар олон мянган хүний эрүүл мэнд, эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийнхөн цитиколиныг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас хассан шийдвэрээ олон нийтэд ил тод, хүртээмжтэй мэдээлээгүй. Эм ханган нийлүүлэх байгууллагууд, гэрээт эмийн сангуудад албан мэдэгдэл хүргүүлсэн болоод XI жагсаалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ аж. Харин хэрэглэгчид уг шийдвэрийн талаар өөрсдийн үйлчлүүлдэг эмийн сангуудаасаа мэдсэн аж. Байнгын уудаг эм нь даатгалын хөнгөлөлтөөс хасагдсанд иргэд маш их санаа зовниж, цитиколиныг албан ёсоор оруулж ирдэг эм ханган нийлүүлэх долоон байгууллага болон тэдгээрийн харьяа эмийн сангуудаар дамжуулан ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олноороо өргөдөл, гомдол гаргаж эхэлжээ. Хэрэглэгчид уг эмийг тархи, зүрх, судасны архаг өвчний шалтгаантайгаар олон жил ууж буй бөгөөд бүгдээрээ л “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөс бүү хасаач, хуучин үнээр нь борлуулж өгөөч” хэмээн өргөдөлдөө тусгасан байна.
Уг эмийн нэг хайрцаг буюу 30 шахмалын (өвчнөөс хамаарч 14-20 хоногт хэрэглэх хэмжээ) зах зээлд борлуулдаг үндсэн үнэ нь 50-51 мянган төгрөг аж. Харин даатгалаас үүний 50 хувьд хөнгөлөлт үзүүлдэг байжээ. Олон мянган өвчтөний эрх ашиг, эмчилгээний бодит практик, эмч нарын саналыг харгалзалгүйгээр гаргасан эрх мэдэлтнүүдийн дээрхшийдвэр нь хэтдээ асар их хор хохирол дагуулахаар байгааг эрүүл мэндийн байгууллагынхан ч шүүмжилж буй. Учир нь манай улс тархины харвалт, түүнээс шалтгаалсан нас баралт, өвчлөлөө хэдийн дийлэхээ байж, улс орны эдийн засагт ч тэр хэрээр буюу хэмнэснээсээ ч хэд дахин ихийг алдах эрсдэл нүүрлээд байгаа юм. Олон улсын судалгаагаар, харвалтын тусламж, үйлчилгээнд зарцуулж буй одоогийн мөнгөн дүн 2050 он гэхэд 3-4 дахин өсөх хандлагатай байна. Тэр дундаа Монгол шиг тархины харвалтын тархалт, нас баралтаар дэлхийд тэргүүлэх хэмжээний өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй улсын хувьд практикт өргөн хэрэглэдэг эмийн хэрэглээг хязгаарлана гэдэг байж боломгүй.
Ж.АРИУНАА: ХАРВАЛТЫН ҮЕИЙН БОЛОН ДАРААХ ЭМЧИЛГЭЭНД ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ НЬ ТОГТООГДСОН
Манай улсад тархины харвалт нь зөвхөн иргэдийн эрүүл мэндийн асуудал бус, үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн эрсдэл болон хувирсныг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн мэдрэлийн зөвлөх эмч Ж.Ариунаа онцолсон. Тэрбээр “Анагаах ухааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хотод насанд хүрэгчдийн дундах тархины харвалтын өвчлөл 100 мянган хүн тутамд 290 байгаа нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт болоод байна. Үүнээс ч түгшүүртэй нь өвчтөнүүдийн нас залуужиж байгаа явдал. Дэлхийн харвалттай тэмцэх нийгэмлэгээс жил бүр гаргадаг судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь тархины харвалтаар өвчилж байгааг тогтоосон. 2-3-хан жилийн өмнө уг үзүүлэлт “зургаан хүн тутмын нэг” байлаа. Тэгэхээр өвчлөл ямар хурдацтай нэмэгдэж буйг уг судалгаа харуулна. Үүнтэй холбоотойгоор улс орнуудын хүн амын эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн асуудал хурцаар тавигдаж буй.
Цус харвалтын нийт тохиолдлын бараг 60 орчим хувь нь нас баралтаар төгсдөг бол 10 хувь нь л хэвийн амьдралдаа эргэн ордог. Харин үлдсэн нь сэтгэл санаа, танин мэдэхүйн болон тулгуур эрхтний бэрхшээлтэй болж үлддэг. Тиймээс харвалтаар аль болох өвдөхгүй байх, өвдсөн тохиолдолд эмчилгээний асуудал маш чухал. Манай улсын эмнэл зүйн практикт тархины харвалтын цочмог, нэн цочмог, архаг үеийн гэхчлэн шат шатны эмчилгээ хийдэг. Эдгээрт сонгон хэрэглэдэг эмүүдийн дотор нэлээд өргөн хүрээнд зөвлөдөг нь цитиколин юм. Уг эм нь харвалтын үеийн болон дараах эмчилгээнд өндөр үр дүнтэй нь тогтоогдсон. Мөн цусны даралт ихтэй олон жил явсан хүмүүст багаханхэмжээнийхарвалтууд үүссэн байх нь элбэг. Үүнээс болоод мэдрэлийн эсүүд дарангуйлагдаж, үйл ажиллагаа нь алдагдан, оюун санааны хувьд ч архаг өөрчлөлтөд ордог. Ийм хүмүүст ч цитиколиныг мөн санал болгодог” гэж ярилаа.
Хүн амын дундах тархины харвалт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэж буй өнөө үед цитиколины хэрэглээ өсөн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй гэдгийг эмч нар ийн хэлж буй. Тархины харвалтаар өвдсөн хүний ар гэр, өрхийн санхүү шууд 30 хувиар уналтад ордог гэсэн судалгаа бий. Тийм ч учраас өвчтөнүүдийн удаан хугацаагаар уудаг дээрх эмийг даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгож иржээ. Улмаар харвалт нь зөвхөн нэг хүнийг өвчлүүлдэггүй. Сая өгүүлсэнчлэн тухайн гэр бүлийнхнийг санхүүгээр нь сөхрүүлээд зогсохгүй хэн нэг нь асрах шаардлагатай болдог. Эмчилгээ удаан хугацаанд үргэлжилнэ. Ийм хүнд нөхцөлд төр засаг ард иргэдийнхээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтыг үүрэлцэхээс татгалзаж, тухайн өрх рүү шилжүүлсэн явдал нь дэндүү харгис, ухвар мөчид шийдвэр гэлтэй.
“ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАН ҮЕД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ ОЛГОХ НЬ ХҮМҮҮНЛЭГ ЧАНАР”
Орон нутагт ч нөхцөл байдал ижил. Тухайлбал, Увс аймаг нь тархины харвалтын өвчлөлөөр улсдаа тогтмол 1-2 дугаарт бичигддэг. Өндөр уулын бүс, эрс тэс уур амьсгал, давсны хэт иххэрэглээ, даралт ихсэх өвчний тархалт зэрэг нь үүнд голлон нөлөөлдөг аж. Тиймээс харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ маш чухалд тооцогдож байна. Тус аймгийн “Сэргэлэн тархи” мэдрэлийн эмнэлгийн эмч, клиникийн профессор С.Булгамаагаас энэ талаар тодруулахад “Би аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт 15, сүүлийн найман жил тархины харвалт, гэмтлийн дараах тусламж, үйлчилгээ буюу нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр дагнан ажиллаж байна. Харвалтын дараах тусламж, үйлчилгээний цогц менежментийг мөрдөх дүрэм журмууд нь олон улсын удирдамжийн дагуу байнга шинэчлэгддэг. УГТЭ-ийнхэн энэ чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг. Үүний дагуу аймаг, дүүргийн тасаг, нэгжүүд эмчилгээ, үйлчилгээгээ явуулдаг. Харвалт, гэмтлийн үеийн эмчилгээний стандартад цитиколин эмийг зөвлөдөг. Тэр дундаа харвалтын дараах тусламж, үйлчилгээнд зонхилон хэрэглэж байна. Цус харвасны дараа хөгжлийн бэрхшээлээс гадна олон хүнд танин мэдэхүйн гэмтэл саатал, зан төрхийн өөрчлөлтүүд илэрдэг.
Тархины гэмтлийн дараа ч оюуны бэрхшээлтэй болж үлдэх нь бий. Эдгээр тохиолдолд эмчилгээний өндөр ач холбогдолтой эм нь цитиколин юм. Гэмтэл, харвалтын дараа тухайн үйлчлүүлэгч гурав, зургаан сар тутамд гэхчлэн нийтдээ 2-3 жил эмчийн хяналтад эмчлүүлдэг. Эл хугацаанд өвчтөн уг эмийг заавал уух шаардлагатай” гэсэн юм.
Мөн тэрбээр “Тархины харвалт нь эмнэлгээс гараад эдгэрдэг өвчин биш. Жинхэнэ эмчилгээ түүний дараа эхэлдэг. Цитиколин нь гэмтэл, харвалтын дараах тархи, мэдрэлийн үхэжсэн эсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй, практикт үр дүнтэй нь сүүлийн жилүүдэд нотлогдоод байгаа. Үүнийг бусад эмтэй хавсран хэрэглэснээр тухайн үйлчлүүлэгчийн танин мэдэхүйн болон өөртөө үйлчлэх, нийгэмд дасан зохицох чадвар, мэдрэлийн эсийн нөхөн сэргэлт илт дээшилсэн байдаг. Эмчилгээний эдгээр үр дүнг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, тестээр үнэлдэг. Цус харвасны дараа тухайн хүн хөдөлмөрийн чадвараа шууд алддаг тул тэр цаг хугацаанд нь уух шаардлагатай эмийг даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгох нь хүмүүнлэг чанар” хэмээлээ.
ТОГТМОЛ УУСАН ӨВЧТӨНҮҮД “ГРУППЭЭС ГАРЧЭЭ”
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч М.Мөнхзул ч дээрх байр суурийг баталж байна. Тус аймаг нь мөн газар зүйн онцлогоосоо шалтгаалан даралт ихсэх өвчлөл өндөртэй. Үүн дээр авто замын хөдөлгөөн, үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотойгоор тархины харвалт, осол гэмтэл элбэг тохиолддог аж. Сүүлийн таван жилийн өвчлөлийн статистик нь үүнийг гэрчилнэ. Тодруулбал, 2021-2025 онд зөвхөн тархины цус хомсрох харвалтаар 273 хүн оношлогдож, 21 нь нас баржээ. Мөн тархины эдийн харвалтын тохиолдол 198 бүртгэгдэж, тэдний 73 нь эндсэн байна. Бусад аймагт ч нөхцөл байдал үүнээс дээрдэх юмгүй. М.Мөнхзул эмчийн хэлснээр тус эмнэлгийнхэн цитиколин эмийг эмчилгээний практикт нэвтрүүлсэн 2022-2023 оноос хойш өвчтөнүүдийн эмнэлэгт давтан хэвтэх хугацаа цөөрч, орны ачаалал багасан, нас баралт ч дагаад буурчээ. Тэрбээр “Цус харвалтын дараах эхний цагуудад цитиколиныг өндөр тунгаар хэрэглэснээр мэдрэлийн эсийг үхжихээс хамгаалж, цаашдын хүндрэлээс сэргийлэх боломжтой. Үргэлжлүүлэн эмчийн зааврын дагуу эмээ тогтмол уусан өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадвар эргэн сэргэж, “группээс гарсан” тохиолдол ч цөөнгүй бий. Уг эмийн хэрэглээ зөвхөн тархины харвалтаар хязгаарлагдахгүй.
Манай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 498 хүүхэд хяналтад байдгаас 90 хувь нь тархины саа, саажилттай. Эдгээр хүүхдийн танин мэдэхүйн алдагдал, тархины эсийн гэмтлийг эмчлэхэд цитиколиныг өргөн хэрэглэдэг. Хэрэглэснээс хойших эмчилгээний үр дүнг өдөр тутамд болон өргөтгөсөн хүрээнд тест, тодорхой шалгуураар давхар хянадаг. Хөгжлийн бэрхшээлтэй, группийн, байнгын асаргаанд байдаг хүмүүсийн олонхынх нь амьдралын боломж тааруу. Гэтэл байнгын хэрэглэдэг, тэр дундаа мэдрэлийн эм, бэлдмэлүүд нь бусад өвчнийхийг бодвол харьцангуй өндөр өртөгтэй. Даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтад ч бараг багтдаггүй. Ганц байсан нь цитиколин бөгөөд энэ нь өвчтөнүүдийнсанхүүгийн ачааллаас бага ч болов үүрэлцдэг байв. Гэтэл дотрын эмүүдийн олонход нь даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг атлаа мэдрэлийн хүнд өвчтөнүүдийн нийтээр уудаг, тархины тэжээл болсон, эмчилгээний идэвх, биохүртэхүй өндөртэй цитиколиныг хассаныг гайхаад барахгүй юм. Өвчтөнүүд өдгөө уналт таталтын эсрэг болон өвчин намдаагч ганц хоёрхон эмээс өөрийг авч чадахаа больсон” хэмээн ярив.
ОЛОН УЛСАД НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГБҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БОЛДОГ
Цитиколиныг дэлхийн олон оронд өргөн хэрэглэж байна. 1960-аад оноос Япон, Испани эмчилгээний практиктаа нэвтрүүлж эхэлсэн бөгөөд эдүгээ Европ, Америк, Азийн олон улсад тархины харвалт, гэмтэл, судасны гаралтай эмгэгүүдийн үед түлхүү зөвлөдөг аж. Испанийн мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн удирдамжид уг эмийг тархины харвалтын дараах эмчилгээний нэг хувилбар гэж үздэг. Японд мөн харвалтын дараах мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор голчлон хэрэглэдэг. Өмнөд Солонгос, Португал, Итали, Мексик зэрэг улсад ч цитиколиныг нөхөн сэргээх эмчилгээний бүрэлдэхүүн хэсэг болгон ашигладаг гэнэ.
Шинжлэх ухааны судалгааны хамгийн том сан болох “PubMed”-д уг эмийн талаарх олон зуун өгүүлэл бий. Эдгээрийн дийлэнхэд цитиколиныг мэдрэлийн эсийн мембраны бүтцийг хамгаалах, тархины гэмтлийн дараах нөхөн сэргэлтийг дэмжих, танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх, өвчтөний бие даасан байдлыг сайжруулах боломжтой гэжээ. Түүнчлэн хэд хэдэн тойм судалгаанд дангаараа “гайхамшигт” эм болж чадахгүй ч иж бүрэн эмчилгээнд өндөр үр дүнтэй нь нотлогджээ. Манай эмч нарын практик ажиглалтуудтай ч эдгээр нь нийцэж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлдэг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас цитиколиныг хассанаар одоохондоо хэдэн төгрөгийн төсөв хэмнэх л байх.
Гэвч хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэдийн амьдралын чанар, түүнийг асарч буй гэр бүлийн гишүүдийн орлого, халамжийн зардал, эмнэлэгт давтан хэвтэх эмчилгээний өртгийг тооцвол өнөөдрийн хэмнэсэн багахан мөнгө юу ч биш болно гэсэн үг. Учир нь харвалтын дараах хөгжлийн бэрхшээл нь хамгийн өндөр өртөгтэй өвчний нэгд тооцогддог. Хэрэв өвчтөн эмчилгээгээ бүрэн хийлгэж, хөдөлмөрийн чадвараа сэргээж чадвал үүнийг дагаад улсын эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн тогтолцоонд ирэх дарамт буурна шүү дээ. Энэ утгаараа эмийн үнийн хөнгөлөлт нь зарлага биш, урт хугацааны хөрөнгө оруулалт болохыг эрүүл мэндийн эдийн засгийн судалгаануудад онцолсон байдаг. Салбарын сайд санхүүч мэргэжилтэй хүний хувьд энэ мэт эдийн засгийн үр ашгийн наад захын тооцооллыг уг нь биднээр хэлүүлэлтгүй хийсэн байх учиртай.
Даатгалын тогтолцооны бас нэгэн хүнлэг зарчим нь эрүүл хүнийг бус, тусламж хамгийн их хэрэгтэй өвчтөнийг энэрч, хамгаалах байдаг. Нэг эмийн нэрийг жагсаалтаас хасах нь цаасан дээр хийх хялбархан өөрчлөлт байж болно. Гэвч энэ нь хэн нэгний амьдрах найдвар, алхаж гишгэх хүсэл, ажилдаа эргэн орох боломжийг үгүй хийж болохгүй. Тиймдээ ч эрх баригчдыг дээрх шийдвэрээ эргэн хараасай гэж олон хүн хүсэж буй юм.