Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн иргэн Б, М болон мөн тус аймгийн Мөрөн сумын тавдугаар багийн иргэн Г нар нь өнгөрсөн долоо хоногт хилийн дэглэм зөрчих яваад хилчдэд саатуулагджээ. Тэд ан хийх гэж яваад улсын хил зөрчихийг завдсаныг тогтоон, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ аваад явуулжээ. Түүнээс гадна Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн орчимд нэг хүн явганаар улсын хилийн бүсэд явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээд нь сэтгэцийн өвчтэй, оршин суух хаяг нь тодорхойгүй, өмнө нь бас л хил орчмын дэглэмийн зөрчиж байсан нэгэн аж. Хилчид түүнийг харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Увс аймгийн Баруунтуруун, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын хилийн хэсгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд 25 үхэр, таван адуу бэлчээрлэж яваад улсын хилд тулсныг хилчид саатуулжээ. Дээрх малыг эздэд нь хүлээлгэн өгснөөр 30 орчим сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.