УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, даатгуулагч шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох тухай/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн. Нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төсөл нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах аж. Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдагсдын ажил, мэргэжлийг тодорхой зааж өгч хуульчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, лангуу түрээслэгч, зах дээр хөдөлмөр эрхлэгч зэрэг тогтмол орлогогүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг малчдынхтай адилтгаад явах боломжтой гэлээ. Ингээд цаашид хуулийн төслүүдийг нэгтгэн багцалж Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн юм.