Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хөшөөт хэмээх газарт хоёр тэх, нэг янгир энэ сарын 4-нд учир битүүлгээр үхжээ. Нэг тэхээс зөвхөн толгой, нөгөөгөөс нь толгой, цээжний хэсэг олдсон хэдий ч биеийн бусад эд эрхтнээс ямар ч сэг зэм үлдээгүй байж. Харин янгирын хувьд эд эрхтэн нь бүрэн байсан хэдий ч гаднын шарх үлдсэн байжээ. Үүнийг сумны шарх байж болзошгүй хэмээн тус аймгийн Мал эмнэлгийн газрын эмч нар лабораторид шинжилж үзсэн боловч биенээс нь сумны хошуу олоогүй байна. Хачирхалтай нь сум нэвт гарсан ямар ч ул мөр бас байсангүй. Тиймээс тус эмнэлгийнхэн аймгийнхаа Цагдаагийн газарт үхсэн янгирыг хүргүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Нургуланаас энэ талаар тодруулахад, “Хоёр тэх, нэг янгир машин зам дагуу үхсэн байсан. Тиймээс цоохор ирвэс юм уу ямар нэгэн амьтны идэш болсон байх магадлалгүй. Ямар учраас үхсэнийг тодруулахаар Улаанбаатар руу шинжилгээний дээж явуулсан” гэв. Шинжилгэээ хариу 3-8 хоногийн дотор гарах ёстой байдаг ч хариу гарсан эсэхийг мэдэх хүн байсангүй.
Ч.БОЛОР