Хэнтий аймагт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны гудамж замд хүүхдийг аюулгүй оролцуулах нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Хүүхэд-сургууль-аюулгүй орчин” сэдэвт ажлыг зохиож байгаа юм байна.
Манай улсад жилд зам тээврийн ослын 20 хувьд нь хүүхдүүд өртдөг юм байна. Өнгөрсөн онд зам тээврийн ослоос болж Хэнтий аймагт 4 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.
Тэмүүжин цогцолбор сургуулийн бага ангийн 350 сурагчдын дунд энэхүү үйл ажиллагааг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Хэнтий аймаг дахь Албан журмын даатгуулагчдын холбооноос зохион байгуулж, ивээн тэтгэгчээр Монгол даатгал, Практикал даатгал компаниуд оролцжээ.
Үүний хүрээнд Тэмүүжин цогцолбор сургуулийн өсвөрийн цагдаа нар бяцхан дүү нартаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх тоглолт сонирхуулав. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл явуулж, албан журмын даатгалын холбооноос зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж уриалга өглөө.
Тус сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс санаачлан явган хүний гарцны дэргэд анхааруулах самбар байршуулжээ