“Rio Tinto” компани БНХАУ-ын зэсийн эрэлт өснө гэж хүлээж буйг “Bloomberg” мэдээлжээ. Тус компанийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастьян Жак Сингапурт ярилцлага өгөх үеэрээ ийн ярьсан бөгөөд “Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын өсөлт улам удааширвал Засгийн газар нь арга хэмжээ авна. Тус улсын эдийн засаг сэргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн “Оюутолгойгоос бүтээгдэхүүн худалдан авахаар ирүүлж буй БНХАУ-ын захиалгыг харахад ямар ч асуудалгүй байгаа. Энэ нь манай зэсийн баяжмал эрэлттэй байна гэсэн итгэлийг бидэнд төрүүлж байгаа” хэмээн өгүүлсэн байна. Гэхдээ ирэх 2-3 жилд зах зээлд уг таваарын илүүдэл бий болохоос үүдэн үнэ нь хямдрах төлөвтэй гэнэ.
Зах зээл дэх нийлүүлэлт, урд хөршийн эрэлт нь зэсийн компаниудад сөргөөр нөлөөлсөн талаар дэээрх цахим хуудсанд мөн тэмдэглэжээ. Австралийн хөрөнгийн бирж дэх “Rio Tinto”-гийн хувьцааны ханш он гарснаас хойш гэхэд 13 хувиар доошилжээ. Бас хамгийн том үйлдвэрлэгч “BHP Billiton”-ых 11, Лондонд “Glencore”-ийнх 56 хувиар уруудсан байна. Тэгвэл зэсийн ханш энэ онд 18 хувиар хямдраад буй бөгөөд ханш нь бараг сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрээд буй юм. “Glencore” компани Бүгд найрамдах ардчилсан Конго болон Замби дахь зэсийн хоёр төслөө 18 сараар хойшлуулсан байна. Дашрамд дурдахад, “Rio Tinto” мөн БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн талаар эерэг хүлээлттэй байгаа аж. Тодруулбал, урд хөршийн үйлдвэрлэл 2030 онд нэг тэрбум тоннд хүрэх төлөвтэй хэмээн үзэж буй гэнэ.
Ц.Болор