
Амаржих болчихсон эмэгтэй сумынхаа эмнэлэгт өөрөө яваад ирж байхад эх барихын эмч нь үнээгээ саагаад дуусахгүй, араасаа нэхүүл дагуул болж, улмаар нөхөр нь мотоциклоороо “элдэж” авчирсан хачирхалтай явдал саяхан гарчээ. Хүн төрөх гэж байхад “Хүлээж л бай даа, хө. Чи угаасаа удаан өвддөг юм чинь болоогүй” гээд хээв нэг хувийнхаа ажлыг амжуулж суудаг иймэрхүү хариуцлагагүй, сэтгэлгүй хандлага хот, хөдөөгүй бий дээ. Ялангуяа зун Монголд төрийн үйлчилгээ нь алба хаагчидтайгаа хамт “амарч” хэдэн өдөр, хэчнээн цагаар тасалдах, доголдох нь түгээмэл ч үүнд гайхахааргүй болтлоо дассан амгалан улс юм, бид. Шинэ хүндээ төрсний гэрчилгээг нь авах гэтэл мөн л улсын бүртгэлийн ажилтан залуу хот руу явсан гээд өнөө хэдэд бас чамгүй төвөг чирэгдэл удаж. Төрөхөөс үхэх хүртэлх хүний амьдрал гэдэг “улирлын шинж чанар¬тай” тохиодог үйл явдал биш учраас төрийн үйлчилгээ зуны амралттай хамт зогсох ёсгүй юм сан.
Иргэдийн өдөр тутмын ажил, амьдрал, хэрэгцээтэй шууд холбоотой тул үйлчилгээгээ тасралтгүй, найдвартай хүргэх нь төрийн үндсэн үүрэг юм. Тиймээс төрийн байгууллагуудын зохион байгуулалт, дижитал шилжилт, хүний нөөцийн оновчтой менежментээр зохицуулах учиртай. Гэтэл зуны улирал эхлэхээр Монголын төрийн байгууллагуудад нэгэн үл үзэгдэх “амралтын горим” зэрэгцдэг. Бид “Зуны сар зургаа биш” гэдэг хэрнээ жилийн хамгийн идэвхтэй ганц улиралдаа зам, барилга, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажлаас эхлээд их, дээд сургуулийн элсэлт, шалгалт шүүлэг, аялал зугаалга, бизнесээ өргөжүүлэх, рашаан усанд явах, ахмадуудаа сувилалд хэвтүү лэх гээд төрөл бүрийн үйлчилгээ авах шаардлагатай болдог. Төрийн үйлчилгээг ихэнхийг нь цахимжуулсан болохоор зуны амралтаар ажил цалгарддаггүй гэх тайлбар хийх биз. Гэвч цахимжууллаа цахимжууллаа гээд хүний үхэл, амьдралтай холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмч, сувилагч, мэргэжилтнүүд газар дээр нь гардан гүйцэтгэдгийг санаарай. Хөдөө, орон нутгаас нийслэлд өвчний оношоо нарийвч лан тодруулахаар хэдэн зуун километр зам туулж ирсэн өндөр настныг “эмч нь амарсан” гэдэг шалтгаанаар буцаах нь өөр улсад бол байж боломгүй явдал хэдий ч бид энэ бүхнийг хэвийн зүйл мэт хүлээж аваад сурчээ. Улс, нийслэл, аймаг, бүсийн томоохон эмнэлгүүдэд амбулаторийн үзлэг, оношилгоо угаасаа тогтмол хүлээгдэлтэй байдаг. Дээрээс нь зуны амралтын үеэр нарийн мэргэжлийн эмч нарт ногдох ачаалал улам ихсэж, үзлэг, шинжилгээ, оношилгоо, хагалгааны дараалал уртассанаар иргэдийн хувьд өвчин нь хүндрэх, цаг, мөнгө, ажлаа алдах давхар давхар эрсдэл уч руулдгийг “Эмнэлгийн хүлээгдлийн тайлан”-д олонтоо хөнддөг ч асуудал шийдэгдээгүй л байна. Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтаа эдэлж буй төрийн алба хаагчдыг буруутгах гэсэнгүй. Харин төрийн байгууллагын үйлчилгээ тухайн амарсан хүнтэй хамт “зогсдог” тогтолцооны гажуудлыг засахгүй бол хүртээмж, бүтээмж гэж ярилтгүй. Иргэд төрийн байгууллагуудаар олон дахин явдаг ч хүссэн үйлчилгээгээ шуурхай авч чадахгүй байгаа нь албан ёсны судалгаагаар тогтоогдсон билээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2026 оны судалгаагаар нийт гомдол, саналын 53.7 хувь нь төрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гэж гарсан бөгөөд “Иргэд нэг үйлчилгээг авахын тулд олон удаа буцаж ирэх шаардлагатай болдог. Мэдээллээ дутуу өгдөг зэрэг нь төрийн үйл чилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал хангалтгүй хэвээр байгааг харуулсан” хэмээн дүгнэлтэд онцолжээ. Өөрөөр хэлбэл, газрын зөвшөөрөл нь гарахгүй удсанаас барилгын ажил эхлэх хугацаа алдсан, компанийнх нь тусгай зөвшөөрөл хойшилсноос зорьсон тендертээ оролцож чадаагүй, гадаад паспорт авах, виз мэдүүлэхтэй холбоотой бичиг баримт нь хугацаандаа бүтээгүйгээс нислэгийн тийзээ цуцалсан, улсын бүртгэлийн үйлчилгээний хүнд суртлаас болж үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа хойшилсон гэх мэт бүтэлгүйтлийн кейс бүрэн алга болоогүй гэсэн үг. Энэ бүхэн манай улс төрчдийн ярьдаг “Иргэн төвтэй” гэх бодлого, зорилт хөрсөн дээрээ буухгүй байгааг илтгэнэ. Зун ажил хөөцөлдөх гээд төрийн байгууллагынхны үүд, контор сахиж, арайхийн хэн нэгнийг нь “барьж” аваад асуухаар “мэргэжилтэн амарсан”, “дарга ээлжийн амралттай”, “дараа долоо хоногт ир” гэсэн хариу сонсоод буцдаг дүр зураг Монголд шинэ зүйл биш. Төрийн үйлчилгээ саатах бүрд хамгийн их “үнэ” төлдөг нь иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, бизнесийнхэн байдаг. Нэгэн жижиг бизнес эрхлэгчийг төсөөлөөд үзье. Газрын, эсвэл барилгын тусгай зөвшөөрөлд нэг даргын гарын үсэг хүлээж багадаа долоо хоногоор хойшиллоо гэхэд тэр хооронд гэрээний хугацаа, зээлийн хүү, түрээс, ажилчдын цалин гэхчлэн зардал, цаг хугацааны тоолуур гүйсээр байдаг. Төрийн байгууллагынхны нэг өдрийн саатал хувийн хэвшлийнхний хувьд бодит мөнгөний алдагдал болж хувирдаг. Гэтэл хөгжингүй орнууд энэ мэт төрийн үйлчилгээг огт өөр түвшинд аваачжээ. Сингапур, Эстони зэрэг дижитал технологи өндөр хөгжсөн оронд төрийн ихэнх үйлчилгээг цахимаар хэдхэн минутын дотор авах боломжтой. Иргэн хэн нэгэн албан хаагч ажлын өрөөндөө байгаа, эсэхийг мэдэх ч шаардлагагүй. Тэнд төрийн үйлчилгээг хувь хүний, албан хаагчийн гэхээс илүү байгууллагын өрсөлдөх чадвар, чадамжтай холбон ойлгодог. Манай ХУРДАН, “E-Mongolia” зэрэг платформ төрийн олон үйлчилгээг цахим болгож, иргэдийн цаг завыг хэмнэхэд тодорхой ахиц гаргасан. Гэхдээ бодит байдалд хамгийн төвөгтэй үйлчилгээ, шийдвэр шаардсан асуудлууд дээр хүний оролцоо өндөр хэвээр байна. Нэг албан хаагчийн амралт төрийн үйлчилгээний бүхэл бүтэн процессыг гацаах нь элбэг. Учир нь Монголын төрийн байгууллагуудын заримд эрх мэдэл, шийдвэр гаргах боломж нэг, эсвэл цөөн хүний гарт төвлөрсөн хэвээр. Нэг мэргэжилтэн байхгүй бол өөр хүн орлож чаддаггүй. Нэг дарга эзгүй бол гарын үсэг “гацдаг”. Нэг инженер амарвал зөвшөөрөл олгогдохгүй. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын үйл чилгээ манайд системээс бус, хүнээс хамаардаг. Хэрэв онгоцны нисгэгч амарсан гээд нисэх буудал бүхэлдээ хаагддаг бол юу болох билээ. Асуудал төрийн шууд оролцоот удирдлагын тогтолцоонд байгааг хувийн хэвшил ч аль хэдийн ойлгосон. Жишээ нь, банкнууд жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг. Амралтын өдөр ч олон үйлчилгээг цахимаар авч болно. Харилцагч хэнтэй таарахаас үл хамааран үйлчилгээний стандарт нь өөрчлөгдөх ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Банкны салбарын эрхлэгч ээлжийн амралтаа авсан учраас бүх гүйлгээг нэг өдөр зогсоолоо гэвэл бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй биз дээ. Харин төрийн байгууллагад ийм зүйл болохоор “За, яах вэ дээ” гэсхийгээд өнгөрөөдөг. Гэтэл “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс нас барахад “Apple” зогсоогүй. “Toyota”-гийн ерөнхийлөгч амарлаа гээд үйлдвэр нь хаагддаггүй. “Google”ийн инженер ээлжийн амралтаа авлаа гэхэд Gmail унтардаггүй. Манай төр ч ийм зарчим руу шилжих боломжтой. Мэдээж төрийн байгууллагын ажил хувийн компанитай ижил байх албагүй. Зарим бодлого, шийдвэр хууль, хяналт, олон шатны зөвшөөрөл шаарддаг. Гэвч энэ нь төрийн үйлчилгээ хэн нэгний ээлжийн амралтаас болж саатах, доголдох, бүрэн зогсох ёстой гэсэн үг биш. Төрийн үйлчилгээ тасралтгүй байх нь зөвхөн тав тухын асуудал биш билээ. Энэ бол иргэний эрхийн асуудал. Монгол Улсын Үндсэн хуульд төр хүний эрх, эрх чөлөөг хангах үүрэгтэй гэж заасан. Хэрэв иргэн хуульд заасан үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй байгаа бол төрийн үндсэн үүргийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна л гэсэн үг. Угтаа “Энэ ажлыг зөвхөн нэг хүн л хийдэг” гэсэн хоцрогдсон хуучинсаг ойлголт төрийн байгууллагад байх ёсгүй. Үүний тулд шийдвэр гаргах эрх мэдлийг тодорхой хэмжээнд төвлөрлийг нь сааруулахаас гадна төрийн байгууллагуудын үйлчилгээний тасралтгүй байдлыг гүйцэтгэлийнх нь гол шалгуур болгомоор. Иргэн асуудлаа шийдүүлэх гэж хэчнээн өдөр хүлээв, хэдэн удаа ирж буцав, төрийн үйлчилгээ нэг хүний ээлжийн амралтаас болж саатсан уу гэдэг үзүүлэлтүүд байгууллагын үнэлгээний нэг хэсэг нь байх ёстой. Сайн засаглалын гол шалгуур нь иргэн төрөөс шаардлагатай үйлчилгээгээ ямар нэгэн саадгүй, шуурхай авч чаддаг, эсэх юм шүү дээ. Учир нь төрийн үйлчилгээ саатах, тасалдах бүрд зөвхөн цаг хугацаа биш, хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, боломж, нөөц хамт зогсдог. Төр биднээс татвар авдаг. Харин тэр татварын хариуд иргэн тасралтгүй үйлчилгээ авах эрхтэй. Иргэд татвараа зуны амралтаар төлөхөө больдоггүй. Ус, цахилгааны төлбөр, зээлийн эргэн төлөлт, хүүхдийн сургалтын төлбөр ч “амралт” авдаггүй. Харин төрийн үйлчилгээ яагаад амралттай байх ёстой гэж?
Л.АРГАМЖИН