УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
10.25 цагт 63.2 хувийн ирцтэй эхэлсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өрөнбаяр хоригийн талаар “Хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх (Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл), Хууль бусаар хөрөнгөжих (Эрүүгийн хуулийн 270 дүгээр зүйл), Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл), Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4), Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх (150 дугаар зүйлийн 150.3) зэрэг зүйл заалтыг заавал тусгах ёстой хэмээн үзэж хориг тавьсан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг иш үндэс болгон насанд хүрээгүйчүүд, жирийн иргэд олноор үйлддэг Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2) зэрэг хэрэгт мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан жишгийн дагуу эдлээгүй үлдсэн хорих ялаас xoёp жилийг xacax нь зүйтэй гэж үзэж тус тус хориг тавьсан” хэмээн танилцуулав.
Гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, Авилгатай тэмцэх газрын гаргасан судалгаа, мэдээлэл болон өршөөлийн хуулиар улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Мөн тус эвсэл ажлын тав хоногийн завсарлага авч байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.