Нэгэн үе эмч нарын нэр хүнд шавартай хутгалдаж, амтай болгон шахуу цагаан нөмрөгтнүүд рүү дайрч, үг хэл, үйлдлээр тэднийг гутаан доромжилж, нэр төрд нь санаатай болон санамсаргүйгээр халдаж байв. Харин одоо тэрхүү “сум” сэтгүүлчид рүү чиглэжээ. “Муусайн сэтгүүлчид мөнгөний төлөө бол юу ч хамаагүй бичиж, нийтэлдэг. Аль нэг нам, компанийн бууны нохой” гэх мэтээр ярьж, яам, агентлагийн газрын дарга нар, мэргэжилтэн нь хүртэл мэдээлэл өгөхөөс татгалзаж, үл тооно. Зарим нь “Сэтгүүлчид худал мэдээлэл цацдаг, хүний хэлснийг мушгидаг” гэх. Сүүлдээ бүр хэн дуртай нь сэтгүүлчдийн нэр хүндэд халдах болж. Нийслэлийн ЗДТГ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Даншиг наадам-Хүрээ цам”, “Алдрын од” арга хэмжээг сурвалжилсан сэтгүүлчдэд 200, 500 мянган төгрөг өгсөн гэх хуурамч баримт цахим ертөнцөд тарсан. Тодруулбал, Saruul@AminaMongolia хаягаар нэгэн эмэгтэй сонин, сайт, телевизийн 21 сэтгүүлчийг тус бүртээ 700 мянган төгрөг “авсан” хэмээгээд овог, нэр, хуурамч гарын үсэгтэй тэрхүү цаасыг фэйсбүүк болон твиттерт тавьсан юм. Ямар ч тамга тэмдэггүй уг цаасан дээр дээрх арга хэмжээг огт сурвалжлаагүй (анхнаасаа даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байсан) манай сонины сэтгүүлчийн нэр хүртэл байв. Түүнчлэн жирэмсний амралттай, хөдөө ажлаар явж байсан сэтгүүлчдийн нэрийг ч тэнд дурдаж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн байв. Нийслэлийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нэр нь дурдагдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад өнөөдөр албан мэдэгдэл хүргүүлж, “Улс төрийн ашиг хонжоо харсан зарим жиргээч, өмнө нь ажлын хариуцлага алдсан хүмүүс “Даншиг наадам-Хүрээ цам”, “Алдрын од” арга хэмжээг гутаах зорилгоор нийслэлийн ЗДТГ сэтгүүлчдэд 700 мянган төгрөг өгч, үйл ажиллагаагаа сурвалжлуулсан мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хуурамчаар үйлдэн, олон нийтэд цацсан байна. Хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэлээ.
Энэхүү мэдээлэл олон нийтэд тарсны дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-д иргэд олноор хандаж, сэтгүүлчдийг буруутган нэлээдгүй шүүмжилжээ. Тиймээс тус эвлэлийнхэн сэтгүүлчдийнхээ нэр төрийг хамгаалж, мэдэгдэл хийв. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Та, бид үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой албаныхан. Гэтэл сүүлийн үед элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх нэрийдлээр хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр үдэх оролдлого эрс идэвхжиж байна. Хамгийн ойрын жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа шилэн дансандаа “МСНЭ-д хууль сурталчлуулах зорилгоор 10 сая төгрөг өгсөн” гэж бичсэн байх юм. Гэтэл энэ мөнгө нь манай дансанд ороогүй, хуурамч мэдээлэл тавьсан байх жишээтэй. Шилэн данс байхгүй үед хэн нэгэн улстөрч, албан тушаалтнууд хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг барьж, хэчнээн төгрөг бидэнд өгсөн нэрээр өөрсдөө завшсаныг хэлж мэдэхгүй. Улс төр ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашиг нуугдаж буй өнөө цагт шударга үнэний туг нь байх ёстой сэтгүүлчид мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж, хамгаалж ажиллаарай. Авлигачдын мөнгөөр амаа үдүүлэлгүй, ямагт шударга үнэний талд зогсоорой. Мөн манай байгууллагын нэрийг барьж хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалж, чадавхжуулна хэмээн элдэв төрлийн хөнгөлөлтөд хамруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад аялал зохион байгуулах оролдлого цөөн боловч гарч байгаа тул МСНЭ-ээс заавал тодруулж, асуугаарай” гэж ярилаа.