Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарвал 19.200 төгрөгөөр торгоно хэмээн заасан.
Энэ сарын 7-нд буюу өчигдөр Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нарын УИХ-ын гишүүд гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан нь гэрэл зургийн сурвалжлагч Б.Баярбаатарын дуранд өртөж, "Хууль батлалцсан гишүүд нь өөрсдөө дүрмээ зөрчиж байна" хэмээн цахим ертөнцөд багагүй шүүмжлэл дагуулаад амжсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөндөө уучлал хүсэж, торгуулиа төлсөн баримтаа фэйсбүүк хуудсандаа дэлгэлээ. Тэрбээр өөрийн хуудсандаа "Өчигдөр бидний гишүүд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам гарсныг нэгэн зурагчин нийтэлсэн байна билээ. Бид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй учраас торгуулиа өөрсдөө очиж төллөө. Дахиж гарцгүй газраар яасан ч зам гарахгүй, бас хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бурууд нүд хурц хандсан гэрэл зурагчин Баярбаатартаа амжилт хүсье. Найзуудаа уучлалтыг минь хүлээн авна уу. Одоо бусад гишүүд нь хуулиа дээдэлье” гэжээ.