Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардуулав
УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томиллоо. Тодруулбал, Ц.Оюунбаатарыг Шадар, Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын, Б.Болорыг Сангийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, З.Баянсэлэнгийг БХБ-ын, М.Зоригтыг Зам, тээврийн сайдаар тус тус томилов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл”-тэй сайдуудыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ч ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан гишүүн-сайдаар бүл нэмж, бүтэн боллоо.
Нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчдийг нэг бүрчлэн хэлэлцэх явцад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байна. Энэ байр суурь анхных биш. Засаг төр тогтвортой ажиллах шаардлагатай. УИХ-ын 76 гишүүн амьдралын их сургуульд хамтдаа сурч байгаа.
Мөн нэр дэвшигчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ярьж байна. УИХ-аар хэлэлцэж буй бүхий л салбарын хууль, тогтоомжийг олуулаа хэлэлцэж, баталдаг. Энэ танхимд нэг бүрэн эрхийн хугацаанд чанагдсан хүн бол амьдралын бүхий л талын мэдлэгтэй болж, асуудалд ханддаг” гэж байлаа.
Үүний дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүсэв.
Энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар “Бид улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед өндөр хариуцлагатай үүрэг хүлээж байна. Бидний өмнө нэн даруй шийдвэрлэх шаардлагатай олон ажил бий. Засгийн газрын гишүүд богино хугацаанд ажилдаа эзэн болж шударга, зарчимч, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага тулгарлаа. Үүнийг ухамсарлан гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон.
Б.НОМИН