Бусдын нэрийг барьж залилан хийж байсан этгээдийг энэ сарын 1-нд баривчилжээ. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын иргэн Т.Дагмид гэх хүний нэрийг барьж, өөрийгөө “Би үзэж хардаг, зургаа дахь мэдрэхүй хөгжсөн хүн. Өвчтэй хүнийг хатгаж, бариа хийн эмчилж чаддаг. Зөн билгийн тулаанд оролцож байсан” хэмээн сурталчилж, иргэдийг залилдаг байсан аж.
Хамгийн сүүлд нэгэн айлаас “Засал хийж өгнө” хэмээн 330 мянган төгрөг аваад, дахин холбоо барилгүй зугтаасан гэнэ. Мөнгөө алдсан хүмүүс цагдаагийн байгууллагад хандсанаар Х.Нэргүй гэх 54 настай энэ этгээд иргэдийг залилдаг болох нь илэрсэн байна. Одоогийн байдлаар түүнд залилуулсан гэх таван хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Д.Нямрагчаа “Дундговь аймгийн харьяат Х.Нэргүй иргэдийг залилсан хэргээ хүлээсэн. Тэрбээр төстэй царайтай, нас ойролцоо болохоор өөрийгөө бариач Т.Дагмид гэж итгүүлэн залилан хийдэг байсан. Орон нутагт хэчнээн хүнийг ингэж залилсныг тогтоох боломжгүй байна.
Х.Нэргүй одоогоор хоёр сая орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь илэрсэн. Мөн бариа засал хийх нэрээр хэдэн хүн хохироосон нь тодорхойгүй байгаа. Энэ хүн хатгаж эмчилдэг гэж байсан. Юугаар, яаж хатгадаг байсныг мөрдөн байцаалтын явцад тогтооно. Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар хэрэг үүсгээд, шалгаж байна” гэв.
Мөн өөрийгөө Т.Дагмид гэж танилцуулсан хүнээр эмчилгээ, засал хийлгүүлсэн иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтэст хандаж, өргөдөл, гомдлоо өгч болох юм байна.
Х.АЗЖАРГАЛ