Хичээлийн шинэ жилийн нээлт болоод хагас сарын ч нүүр үзээгүй атал цэцэрлэгийн багш хүүхэд зодсон талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. Уг хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгт болсон байна.
Хоёр настай Н.Нандин-Эрдэнэ охиныг багш нь удаа дараа зодож, гэмтээсэн гэх мэдээллийн дагуу дүүргийн Боловсролын хэлтэс уг асуудлыг шалгажээ. Харин бага насны хүүхэд зодож гэмтээснээ “Би биш, хүүхдүүд хоорондоо зодолдсон” хэмээн үгүйсгэж буй О.Цэцэгээ багшийн үйлдэл баримтаар нотлогдсон байна.
Тиймээс дүүргийн Боловсолын хэлтсийн ёс зүйн хороо мэргэжлийн ёс зүйгээ зөрчиж, бага насны хүүхдэд гэмтэл учруулсан багшид арга хэмжээ авах шаардлагыг 119 дүгээр цэцэрлэгийн удирдлагад хүргүүлжээ. Шаардлагын дагуу цэцэрлэгийн удирдлага харгис багшийн цалинг хасаж шийтгэхээр болсон аж.
Энэ талаар тодруулахаар БСШУЯ-ын мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуутай холбогдлоо.
-Бага насны хүүхдийн биед гэмтэл учруулсан атал тухайн багшийг зөвхөн цалингаас хасаж шийтгэж байгаа гэж үү?
-Цалинг хасаж шийтгэж буй нь зөвхөн цэцэрлэг удирдлагын авч буй арга хэмжээ. Охины эцэг, эх баримтаа аваад хуулийн байгууллагад гомдол гаргах боломжтой.
-Зөвхөн багш биш охиноо зодуулсан талаар цэцэрлэгийн удирдлагад гомдол гаргахад арга зүйч Ц.Батцэцэг гэгч эмэгтэй “Хүүхдээ аваад зайл” гэж дарамталсан байсан. Тэгэхээр цэцэрлэгийн удирдлагад ч бас хариуцлага тооцох уу?
-Уг хэргээс үүдэж Нийслэлийн боловсролын газар 119 дүгээр цэцэрлэгийг шалгахаар болсон.