Элэг, бөөр, үе солиулдаг тухай хүн бүр мэднэ. Харин үс шилжүүлэн суулгадгийг талаар зарим нь огт мэддэггүй юм билээ. Халцарсан үстэй хүмүүс өөртөө итгэлгүй, бас үеийнхнээсээ хөгшин харагддаг нь үнэн. Зарим нь халцарсан үсээ нуухын тулд малгай өмсөж, төрөл бүрийн эм, тан хэрэглэж, хиймэл үс зүүдэг ч энэ нь эрүүл мэндэд муу нөлөөтэй аж. Тэгвэл олон улс ийм асуудлаа орчин үеийн техник, дэвшилт технологийн ачаар шийдэж байна. Үүний нэг нь БНСУ. Тус улсын эмч, профессорууд манай улсад ирэх аравдугаар сарын 2-нд ирж, үс шилжүүлэн суулгах мэс засал хийх гэнэ. Монголд ийм хагалгааг 2009 оноос хойш NEI эмнэлэг БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран хийж буй аж. Тус эмнэлгийнхнээс энэ талаар тодруулахад “Тухайн хүний дагзнаас үс авч, халцарсан хэсэгт нь шилжүүлэн суулгадаг. Ингэхдээ ширхэг бүрээр нь салгаж, хийнэ. Манайх энэ хагалгааг улиралд нэг, жилд дунджаар 2-5 хүнд хийдэг. Үр дүн маш сайн. Мэс засал хийлгэснээс хойш 2-3 сарын дараа шилжүүлэн суулгасан үс ургаж эхэлдэг” гэж ярилаа.