Хөвсгөл аймгийн Засаг дарга өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэх албан даалгавар гарган, ээлжийн амралтаа эдэлж байсан сумын Засаг дарга нарыг ажилд нь оруулжээ. Тус аймаг ноднин бүх сумаа бүс болгон хувааж, дөрвөн газарт өвсний агуулах байгуулсан юм байна. Одоо аймгийн нөөцөд байгаа хадлангаас 30 тонныг эдгээр бүсийн агуулахуудад хүргүүлж, цаг хүндэрсэн үед малчдын хот руу татахад ойр болгожээ. Мөн аймгийн нөөц бүрдүүлэх зорилгоор 50 сая төгрөгөөр өвс худалдан авах тендэр зарласан байна. Хөвсгөлд энэ зун гандуу байсан тул хадлан бэлтгэх талбай хүрэлцээгүй байгаа гэнэ. Үүний улмаас нэг боодол өвсний үнэ өнгөрсөн жилийнхээс 1500 төгрөгөөр нэмэгдэж, 6500 болжээ.