Өмнөх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хүсэлтийг шүүх хүлээн авчээ. Түүнийг шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөөс 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэдэг шалтгаанаар хуулийн байгууллагаас шалгаж байгаа.
Анхан шатны шүүх хурлаас түүнийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхээр товлосон. Харин Л.Гансүх шүүх хурлыг тус газарт бус Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд нээлттэй явуулах хүсэлт гаргасан юм.
Тэгвэл шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, хурлыг шүүхийн танхимд явуулахаар болжээ. Дашрамд сонирхуулахад, цаашид шүүх хурлыг хорих ангид хийхгүй байхаар албаны хүмүүс санал нэгджээ. Тодруулбал, өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын хуульчдын холбооны төлөөлөл зэрэг албаны хүмүүс нийслэлийн зарим шүүхийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Энэ үеэр тэд Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүхийн танхимд шүүх хурал хийхийг буруу гэдэгт санал нэгдэн, дүгнэлт гаргахаар болжээ. Учир нь тус шүүхийн танхим шорон дотор байрладаг учраас шүүгдэгчийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Г.БАЯРЦЭЦЭГ