Зам тээврийн осолд бага насны хүүхдүүд өртөж, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амиа алдах тохиолдол өдөр бүр гардаг гэхэд хилсдэхгүй. Байрныхаа гадаа тоглож байсан хүүхдийг машинаараа мөргөөд зугтсан, зам хөндлөн гарахад нь дайрч, аминд нь хүрсэн зэрэг бараан мэдээлэл хөвөрсөөр эцэстээ энэ нь байдаг л зүйл мэт болжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг, Зүүнсалаанд 11 настай хүүг дэлгүүрээс талх авах гэж зам гарахад нь машин мөргөжээ. Н.Чингүүн хүү азаар амьд үлдсэн ч зүүн хөл нь хугарч, хэзээ хөл дээрээ босохоо мэдэхгүй шаналж сууна.
Тэрбээр ГССҮТ-д хоёр сар гаруй хэвтэн эмчлүүлж, зүүн хөлөндөө мэс засал хийлгэжээ. “Ийм осол, гэмтэл олон бүү гараасай, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байгаасай” хэмээн түүний ээж Ж.Нарангэрэл манай сонинд хандсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Наадмын өмнөхөн энэ осол гарсан юм байна. Тухайн үед яг юу болсныг эхлээд ярьж өгөөч.
-Миний хүү Чингүүн энэ оны долдугаар сарын 10-ны 15.00 цагийн үед гэрийнхээ гаднах “Улаан дэлгүүр” гэдэг хүнсний дэлгүүр орохоор найз Ганаатайгаа хамт яваад осолд орсон. Миний том хүүгийн найз над руу утасдаж энэ тухай хэлсэн л дээ.
Би “Гандантэгчэнлин” орж, хүүдээ ном уншуулахаар өглөө эрт гэрээсээ гарсан юм. Эх хүний зөн совин мэдэрдэг бололтой. Сүүлийн хэд хоног Чингүүн маань нэг л сонин байх шиг санагдсан. Хүүгээ осолд орсныг дуулаад ухаан мэдрэлгүй л ГССҮТ рүү такси бариад очлоо.
Хүү минь уйлчихсан, эмнэлгийн цонхны тавцан дээр хэвтэж байсан. Эмчид үзүүлэх гээд хүлээж байгаа нь тэр юм гэнэ. Осол гаргасан жолооч С.Бат-Эрдэнэ, эхнэртэйгээ хамт хүүг минь эмнэлэгт хүргэж ирсэн юм билээ.

2015.07.10. Осол гарсан замын ойр хавьд гарц алга
-Осол юунаас болж гарсан юм бэ?
-Миний хүү дэлгүүрийн урд замд “Хьюндай соната” маркийн УБЧ 80-58 улсын дугаартай машиныг жолоодож явсан С.Бат-Эрдэнийн машинд мөргүүлж гэмтсэн. Замын цагдаагийн газраас түүнийг хурд хэтрүүлээгүй, 41 км/цагийн хурдтай явсан гэж байгаа ч осол гаргасны дараа машиных нь урд хэсэг нь хонхойсон байна лээ.
Хүүтэй минь хамт явж байсан Ганаа найз нь “Машин маш хурдтай явж байсан” гэж хэлсэн. Гэтэл биднээс ямар ч мэдүүлэг авалгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
-Тэгээд хүүгийн тань буруу гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон юм уу?
-Тийм ээ. Хүүгийн минь 100 хувийн буруугаас осол гарсан гэснийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь жолооч хурд хэтрүүлснээс гадна С.Бат-Эрдэнэ жолоодох эрхээ хасуулсан, машин барих эрхгүй байсан. Осол гаргах үедээ эхнэртэйгээ мөнгөний хэрүүл хийж явсан юм билээ. Энэ тухайгаа хүүд минь өөрөө “Мөнгөний хэрүүл хийж яваад ийм юм болчихлоо” гэж хэлсэн байсан.
Мөн маргааш нь манайд ирээд эхнэр нь “Наадам болохоос өмнө машинаа засаж янзлуулах гээд хүнээс хэдэн төгрөг зээлсэн юм. Тэрийгээ ярьж, нөхөртэйгөө маргалдаж байгаад ийм юм болчихлоо. Хэрүүл хийдэггүй л байж” гэж хэлсэн. Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж явах үүрэгтэй биз дээ.
Гэтэл жолоочийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хүү минь орь дуу тавиад уйлаад байсан болохоор Замын цагдаагийн газар луу явах боломжгүй байсан. Осолд орсон өдөр нь үзсэн эмч хүүг минь эмнэлэгт хэвтүүлэхгүй гэсэн. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа буюу долдугаар сарын 16-нд хүүг минь мэс засалд яаралтай оруулах шаардлагатай гэсэн.
Тэр үеэр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нөхөр бид хоёрыг дуудуулсан юм. Тэр цагдаа “Мэдээллийн хэрэгсэл сонсож байгаа биз дээ. Гарцаар гараагүй нь танай хүүхдийн буруу шүү” гээд байсан. Үүнийг нь ойлгож байгаа ч манай тэр хавийн замд гарц бараг байдаггүй. Тухайн үед надаас “Гомдолтой юу” гэж асуухаар нь “Яг одоо гомдолгүй, гомдолтой гэж хэлж чадахгүй.
Хүү минь хагалгаанд орсны дараа хэлье” гэсэн чинь “Гомдол гээд байх юмгүй ээ” гэж тэмдэглэсэн байсныг дараа нь мэдсэн. Тэгтэл Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоол үйлдсэн. Энэ тогтоолоо долдугаар сарын 28-нд гаргасан ч түүний туслах Басанбаяр надад мэдэгдээгүй учраас би есдүгээр сарын 4-нд өөрөө очиж байж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэн.
-Тогтоол гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад танд мэдэгдээгүй гэсэн үг үү?
-Тийм. Тээврийн прокурорын газраас биднийг дуудах байх гээд хүлээж байсан. Тэгтэл ямар ч хариу өгөхгүй болохоор есдүгээр сарын 4-нд тус туслах прокурор Басанбаяртай уулзсан юм. Иргэний шүүхэд хандах гэж байгаагаа хэлээд прокурорын тогтоолыг авах гэтэл “Сейф гацсан” гээд өгөөгүй. “ Би цэцэрлэгийн багш хүн. Олны нялх хүүхдүүдийг орхиод ирсэн болохоор хүндрэлгүй гаргаад өгөөч” гэж гуйсан ч нэмэр болоогүй. Маргааш нь дахин очиж авсан. Үнэхээр хүнд сурталтай.
-Хүү тань хэр гэмтсэн бэ?
-Хүндэвтэр гэж үзсэн. Шүүх эмнэлгээс “Хүүгээ заавал аваад ир. Үзлэг хийнэ” гэхээр нь 10 гаруй км газар уйлуулан байж авч очсон. Хөл нь өвдөгнийхөө доогуур хугараад хоёр хэсэг болсон учраас машинаар авч явахад үнэхээр хэцүү байсан.
Гэтэл Шүүх эмнэлгийн эмч надаас хэдэн юм асуугаад хүүг минь үзэлгүй дүгнэлт гаргасан. Хүүгийн минь хөл, ташаа, толгой нь янгинаж өвдөөд, гурван өдөр хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Үүнийг үндэслээд л эмч нь өөрөө үзсэн юм шиг дүгнэлт бичсэн байна лээ.
-Одоо биеийн байдал нь ямар байгаа вэ. Цаашдаа хэн нэгний тусламжгүй явж чадах болов уу?
-Таяг тулаад ч болов явах байх гэж итгэж байна. Өчигдөр (уржигдар) гипсийг нь авсан. Мэс засалд орсны дараа үрэвсэл үүсэж байна гээд эмнэлэгт хэвтсэн. Хүү минь өдөрт хэдэн арваар нь өвчин намдаах эм ууж, тариа тариулж байж л өвдөлт, зовиураа давж гарлаа.
-Осол гаргасан жолооч та бүхэнд тусалсан уу?
-Томографийн зураг авахуулж, эм тариаг нь авч өгсөн. Мөн хагалгааны мөнгөнөөс төлөлцсөн. “Миний хүүхдийн төлөө ингэж байхад гомдол санал гээд яах вэ. Өөрсдөө ч үр хүүхэдтэй, залуу хүмүүс юм байна” гэж зөөлөн зан гаргасан, би. Гэтэл хүү минь эргээд эмнэлэгт хэвтэхэд ямар ч холбоо барихгүй чимээгүй болсон.
-Та цаашид хаана, хэнд хандах гэж байна. Тээврийн прокурорын газарт өргөдөл өгсөн юм үү?
-Тийм. Энэ сарын 7-нд өргөдөл өгсөн. Яагаад цагдаагийн байгууллага энэ хэргийг гүйцэд судалж үзэхгүй байгаа юм бэ. Хотын төвд л хууль журам үйлчилдэг гэж үү. Жолооны үнэмлэхгүй хүн осол гаргаад байхад хариуцлага яагаад тооцохгүй байгаа юм. Гэр хорооллын камергүй, гарцгүй замд авто осол гарвал тэр хүнийх нь хохь болоод өнгөрөх хэрэг үү.
Хууль хүн бүхэнд шударга, тэгш үйлчлээсэй гэж хүсэж байна. Тиймээс би энэ хэргийг шударга үнэнээр шийдэж өгөөсэй гэж өргөдөл гаргасан. Ганцхан миний хүүгийн буруу биш. Хоёулангийнх нь буруу учраас хүү минь л хохироод үлдэх биш, жолооч хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ.
Гэр хороололд дэлгүүр орж талх авах, худгаас ус зөөх гээд балчир хүүхдүүд бишгүй л гүйж яваа. Тиймээс жолооч нар илүү анхаарал болгоомжтой явах ёстой юм биш үү.
Осолд өртөж, хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэн, хүчтэй эм тариагаар “бөмбөгдүүлсэн” Н.Чингүүн хүү эмнэлгээс гарах өдөр хоногоо хуруу даран хүлээж сууна. Тэрбээр Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуульд сурдаг бөгөөд энэ намар зургадугаар ангид орох байв. Гэтэл гэнэтийн осолд өртсөнөөс болж, хичээлийнхээ нээлтэд оролцох нь бүү хэл, сургуульдаа хэзээ явах нь тодорхойгүй байна.
Түүнтэй холбогдон болсон явдлын талаар асуухад “Найз минь “Би халууцаад байна. Чи явчихаад ир” гэхээр нь замын эсрэг талын дэлгүүр орох гэж байгаад машинд мөргүүлсэн. Машины хамар дээр унаад зам дээр гурав өнхөрч, хол шидэгдсэн. Тэр үед би ухаан алдаагүй байсан учраас болсон үйл явдлыг бүгдийг нь тод санаж байна. Түргэн тусламжийн машин иртэл зам дээр хөдөлж ч чадахгүй хэвтсэн.
Бүх бие минь хэдэн хэсэг салсан юм шиг янгинаж, тэсэхийн аргагүй өвдөж байсан. Одоо замаар гарна гэхээс үхтэлээ айж байна. Машин ирж байгааг мэдээгүй. Гэнэт л гараад ирсэн” гэв. Түүний ээж Ж.Нарангэрэл “Осолд орсны дараахан нь өвөө эмээ, ах эгч нар нь ирэхэд хүү минь “Бүгдийг гаргаач” гээд цурхиран уйлж байсан нь одоо ч сонсогдох шиг болдог.
Эрүүл саруул байсан хүүг минь эрэмдэг болгочихоод байхад хууль хяналтынхан авч хэлэлцэхгүй байгаад маш их гомдолтой байна” гэв.
Ч.БОЛОРТУЯА