
Парист болсон Украины асуудлаарх Европын орнуудын дээд хэмжээний албан бус уулзалт эцсийн мэдэгдэлгүй өндөрлөлөө. Уулзалтын зохион байгуулсан Францын Ерөнхийлөгч Эмманиэль Макрон ч хэвлэлийнхэнд хандсангүй.
Гурван цаг үргэлжилсан уг уулзалтад Герман, Их Британи, Итали, Польш, Испани, Нидерланд, Дани улсын удирдагчдаас гадна Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн тэргүүн Антонио Коста, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцжээ.
Мюнхены дэлхийн аюулгүй байдлын чуулганы үеэр Украины дайны талаарх мэдэгдсэн АНУ-ын байр суурь Европыг цочролд оруулсон бөгөөд чуулганы дараа ийнхүү яаралтай албан бусаар чуулсан тус бүсийн удирдагчид Украины асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бололтой.
Гэхдээ уулзалтад оролцогчид "Украин улс хүчний аргаар энхийг хүртэх эрхтэй" гэдгийг баталсан тухай Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мэдэгдэв.
“Өнөөдөр Парист бид Украйн улс хүчний аргааг энхийг хүртэх ёстой гэдгийг баталлаа. Тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсэн, аюулгүй байдлын найдвартай баталгаа болсон хүчний энхийг хэлж байна " гэж тэрээр цахим хуудасатаа бичжээ.
Түүний хэлснээр, "Европ Украинд цэргийн тусламжийнхаа бүтэн хувийг өгч байна. Үүний зэрэгцээ бид Европ дахь хамгаалалтаа бэхжүүлэх хэрэгтэй" гэж уос төрч нэмж хэлэв.
Гэвч түүний байр суурьтай хүн бүр санал нийлээгүй бололтой.
Италийн засгийн газрын тэргүүн Жоржиа Мелони Украины асуудлаар зөвлөлдөх уг уулзалтад сэтгэл дундуур байгаа тухай Италийн Sole 24 Ore сонин мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр, Ерөнхий сайд Украины асуудлыг ЕХ-ны бүх улс, тэр дундаа ОХУ-тай хамгийн ойр оршдог орнуудын тэргүүнүүдтэй хамт хэлэлцэх ёстой гэж үзжээ. Мелони мөн уулзалтын бусад оролцогчдод Украины асуудлаар "Трампын эсрэг формат" байгуулахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. АНУ Украины мөргөлдөөнийг зохицуулахыг эрмэлзэж байгаа тул Европын орнууд үүнд туслах ёстой гэж тэр тэмдэглэжээ.
Францын хэвлэлүүдэд бичиж байгаа сүүлийн мэдээллээр бол хэлэлцээрт оролцогчид Украинд цаашид дэмжлэг үзүүлэх тал дээр хоёр хуваагдаад байна.