Киев, Вашингтон хоёр хамтран ашигт малтмалын олборлолт хийх, Украиныг сэргээх хөрөнгө оруулалтын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа гэж АНУ-ын Сангийн яам мэдээллээ.
Тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд "ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Америкийн ард түмэн Украиныг хамгаалахад үзүүлсэн их хэмжээний санхүүгийн болон материаллаг дэмжлэгийг хүлээн зөвшөөрч" гэрээ байгуулав гэж мэдэгджээ.
“Эдийн засгийн энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын хамтын хөрөнгө, авъяас чадвар, чадавхи нь Украины эдийн засгийн сэргэлтийг түргэсгэхийн тулд хамтран ажиллах боломжийг олгож байна” хэмээн мэдэгдэлд онцолссон байна.
Ингэхдээ талууд “Хөтөлбөрийг хэрхэн зохицуулах, энэ чухал түншлэлийг хөгжүүлэх талаар эцэслэн батлах” чиглэлээр ажиллана гэж Сангийн яам тодрууллаа.
"Ерөнхийлөгч [Дональд Трамп] хэлэхдээ, АНУ энэхүү харгис хэрцгий, утгагүй дайныг зогсооход туслах үүрэг хүлээсэн. . . Энэхүү гэрээ нь Трампын засаг захиргаа урт хугацаанд эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн Украинтай энхийн үйл явцад тууштай байгаагийн тод дохио ОХУ-д өгч байгаа юм” гэж Сангийн сайд Скотт Бессент хэлэв
Баримт бичигт гарын үсэг зурсан тухай Вашингтонд байгаа Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко "Би АНУ-ын Сангийн сайд Скотт Бессенттай АНУ-Украины сэргээн босгох хөрөнгө оруулалтын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгчид манлайлсанд талархлаа. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж, илүү ач холбогдолтой болгосон бүх хүмүүст баярлалаа. "Одоо энэ баримт бичиг нь манай хоёр орны амжилтыг баталгаажуулах баримт бичиг боллоо" гэж Х хуудсандаа бичжээ.
Гэрээнд зааснаар, АНУ-ын Украинд үзүүлсэн цэргийн тусламжийг Америкийн талын хөрөнгө оруулалт хэмээн үзэхгүй ч гарын үсэг зурсны дараа АНУ-аас оруулсан бүх зүйлийг хөрөнгө оруулалт гэж тооцох юм гэж BBC агентлаг мэдээлжээ . Энэ нөхцөл Киевийн хувьд маш чухал байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украйнд өгсөн зэвсгийн мөнгийг ирээдүйд ашигт малтмалын олборлолтоос олох орлого хэлбэрээр “буцааж авах” хүсэлтэй байгаагаа Вашингтон удаа дараа мэдэгдэж байсан.
Гэрээний дагуу Украиныг сэргээх хөрөнгө оруулалтын сан нь эхний 10 жилд ногдол ашиг олгохгүй бөгөөд бүх орлого Украинд дахин хөрөнгө оруулалт хийх юм. Хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлэх аж.
Гэрээ Украины төсвийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бөгөөд Дээд Рада батлах ёстой.
Мөн уг гэрээ Украины Европын холбоонд элсэх үүрэг хариуцлагатай яамар нэгэн байдлаар зөрчөлдэхгүй гэж Украины Ерөнхий сайд Денис Шмигаль мэдэгджээ