АНУ-тай хийсэн худалдааны дайны улмаас БНХАУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан тухай Reuters агентлаг мэдээллээ.
Хятадын Үндэсний статистикийн товчооны (NBS) мэдээлснээр, Хятадын худалдан авалтын менежерүүдийн албан ёсны индекс (PMI) дөрөвдүгээр сард 49.0 хувь болтлоо буурчээ. Энэ нь 2023 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
Үйлчилгээ, барилгын салбарыг багтаасан үйлдвэрлэлийн бус салбарын PMI 50,8-аас 50,4 болж унасан байна.
Эл статистикийн үзүүлэлт нь Вашингтоны татвараас үүдэлтэй худалдааны цочролыг тэсвэрлэх чадвартай гэсэн Хятадын албаны хүмүүсийн итгэл үнэмшилтэй зөрчилдөж байна.
"Capital Economics"-ийн эдийн засагчдын хэлснээр, Бээжин төсвийн дэмжлэгээ эрчимжүүлж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн удаашралыг бүрэн нөхөх магадлал бага байна. Ингэснээр Хятадын эдийн засаг 2025 онд ердөө 3.5 хувиар өсөх гэнэ.
Өмнө нь АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Вашингтоны тогтоосон 145 хувийн татварыг хэвээр үлдээвэл Хятад улс 10 сая хүртэлх ажлын байраа алдах эрсдэлтэй гэж анхааруулсан юм.