Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Женевт БНХАУ, АНУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн өндөр төвшний хэлэлцээ болов.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Женевт болсон “АНУ, БНХАУ-ын хооронд тарифын асуудлаарх хэлэлцээнд чухал ахиц гарсан бөгөөд яриа хэлэлцээ үргэлжлэх болно” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“Женевт хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд БНХАУ-тай тохиролцоонд хүрэхэд чухал ахиц дэвшил гаргалаа” гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бесент өөрийн зүгээс мэдэгдлээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсны дараа гуравдугаар сад татварыг 20% хүртэл өсгөсөн юм. Хятадын тал хариуд нь АНУ-ын хөдөө аж ахуйн импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулсан. АНУ бусад орноос импортолдог бараа бүтээгдэхүүнд "харилцан" татвар ногдуулсны дараа Хятадаас ирэх барааны татвар 54% болж өсөхөд хоёр улсын хоорондох худалдааны хурцадмал байдлын шинэ үе шатанд орсон юм. Одоогийн байдлаар энэ татвар 145 хувьд хүрч, Америк нийлүүлэгчдийн Хятадад төлөх хувь хэмжээ 125 хувьтай байна.
Пүрэв гарагт “New York Post” сонин эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Трампын засаг захиргаа Швейцарь дахь худалдааны хэлэлцээрийн хүрээнд ирэх долоо хоног гэхэд Хятадад ногдуулах импортын татварыг 145%-иас 50-54% болгон бууруулах боломжийг хэлэлцэж байна.