АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт айлчлах үеэр талууд 600 тэрбум ам.долларын өртөг бүхий багц гэрээ, хөрөнгө оруулалтын амлалтад гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн том гэрээ боллоо гэж Цагаан ордон мягмар гарагт мэдэгдэв.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслол Эр-Рияд хотод болсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман нар байлцаж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, урт хугацааны эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг баталгаажуулах хүсэлтэй байгаагаа дахин нотлов.
Хэлэлцээрийн хүрээнд Саудын Арабын DataVolt компани АНУ-д дата төв, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтад 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бол Америкийн GE Vernova корпораци Саудын Арабт 14.2 тэрбум ам.долларын үнэ бүхий хийн турбин, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэхээр болжээ.
Мөн “Boeing” компани Саудын Арабын агаарын тээврийн “AviLease” компанид 4.8 тэрбум ам.долларын үнэ бүхий 737-8 зорчигч тээврийн онгоц нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Мичиган мужид нийт 5.8 тэрбум долларын өртөгтэй эмнэлгийн уусмал үйлдвэрлэх өндөр технологийн шинэ үйлдвэр байгуулах зэрэг эрүүл мэндийн төслүүдийг тусад нь онцлон тэмдэглэв.
Үүнээс гадна АНУ болон Саудын Араб түүхэнд хамгийн том цэргийн нийт 142 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Баримт бичигт Америкт үйлдвэрлэсэн орчин үеийн зэвсэг техник нийлүүлэх, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх, Саудын Арабын эрэг, хилийн аюулгүй байдлыг шинэчлэх, Саудын Арабын зэвсэгт хүчинд сургалт болон иж бүрэн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Цагаан ордон эдгээр хэлэлцээрүүд нь "хоёр орны харилцаанд шинэ алтан эриний үндэс суурийг тавьсан" бөгөөд АНУ болон Саудын Арабын аль алинд нь ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжих болно гэж онцолжээ.