Улс орны тэргүүн нар ял авч тоорны цаана орох нь гайхмаар зүйл биш болсон. Бараг улс болгон түүхийнхээ аль нэг хэсэгт төр засгийнхаа аль нэг тэргүүнийг шоронд хийсэн байдаг. Тэр байтугай цаазаар авсан тохиолдол ч цөөнгүй.
Хамгийн олон төрийн тэргүүнээ шоронд хорьсон улс бол Перу аж.
Тус улсын гурван ерөнхийлөгч асан одоо нэгэн зэрэг хоригдож байгаа. Дөрөв дэх нь удахгүй тэдэнтэй нэгдэх гэж байгаа гэнэ. Одоохондоо тэрбээр гэрийн хорионд байгаа аж.
Мөн тус улсын одоогийн удирдагч ч хорих ял авч магадгүй байна.
Перу улсад ийнхүү “VIP” хоригдлуудад зориулсан Барбадильо хэмээх 800 метр.кв талбай бүхий тусдаа шорон байдаг. Эл шоронг 1990-2000 онд Перуг удирдаж, хээл хахууль, авлига, зүүний радикал босогчидтой тэмцэх "үхлийн отрядууд" зохион байгуулсан хэргээр 25 жил шоронд хоригдож байсан Альберто Фухимориг хорих зорилгоор цагдаагийн тусгай ажиллагааны газрын цогцолборын нутаг дэвсгэр дээр барьсан юм.
Фүхимори 16 жил хоригдож, 2023 оны арванхоёрдугаар сард "хүмүүнлэгийн өршөөлийн хуулиар" суллагдсан бөгөөд удалгүй нас баржээ.
Барбадильогийн дараагийн VIP хоригдол нь Педро Кастилло аж. Түүний шүүх хурал одоо болтол дуусаагүй. Улстөрчийг төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр буруутгаж 34 жилийн ял оноохыг төлөвлөж байгаа. Түүнийг авлигын хэргээр шалгаж эхэлсний дараа Кастилло сөрөг хүчний Конгрессыг тараахыг оролджээ. Педро шоронд нэг өрөө "орон сууцанд" хоригдож байгаа ч төмс, эрдэнэ шиш тарьдаг цэцэрлэгт газар олгожээ.
Удаах хориглож буй төрийн тэргүүн асан нь Алехандро Толедо юм. Түүнийг Бразилийн компани хурдны зам барих гэрээнд гарын үсэг зурсныхаа 34 сая долларын хахууль авсан хэрэгт буруутгаж, 20 жил 6 сарын хорих ял оноожээ
"Хамгийн шинэ" хоригдол бол Олланта Хумала бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард мөнгө угаасан, гурван сая ам.долларын авлига авсан хэргээр 15 жилийн хорих ял авсан юм.
Педро Пабло Кучински 4,8 сая долларын хахууль авсан хэргээр шалгагдаж, гэрийн хорионд байгаа.
Одоогийн ерөнхийлөгч Дина Болуарте гартаа 300,000 долларын үнэтэй Rolex бугуйн цаг зүүснээр, гэрт нь нэгжлэг хийхэд хүргэжээ.
Ний нуугүй хэлэхэд эдгээр гэмт хэрэгтнүүдийн шорон дахь нөхцөл байдал нэлээд сайн. Нэг хоригдлын мэдэлд зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, угаалгын өрөө бүхий орон сууц, зураг зурах студи, Фүжиморигийн ургуулсан сарнайн том цэцэрлэг байдаг аж. Мөн тусгай эмч нарын бүрэлдэхүүн хоригдлын эрүүл мэндэд хяналт тавьдаг гэнэ.