
Есдүгээр сарын 10-ны лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ойрын холбоотон, Америкийн нэрт консерватив үзэлтэн, Чарли Кирк амь насанд халдав.
Улс төрчийг Юта мужийн Валли их сургуулийн кампуст үг хэлж байхад нь мэргэн буудагч ч бууджээ.
Тэрбээр хүзүүндээ буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан байна.
Халдлага үйлдсэн сэжигтнийг саатуулсан талаар NBC мэдээлсэн бол хэсэг хугацааны дараа орон нутгийн Fox News-ийн тодруулснаар Ардчилсан намыг дэмжигч Майкл Маллинсон халдлагад сэжиглэгджээ. Гэсэн ч удалгүй түүнийг сулласан байна. New York Times сүнины мэдээлснээр буудсан этгээдийг тогтоогоогүй байна.
“Чарли Киркийг алсаас дээвэр дээрээс буудсан байх магадлалтай” гэж Юта мужийн Олон нийтийн аюулгүй байдлын комиссар Бо Мейсон мэдэгджээ.
Энэхүү эмэгнэлт үйл явдлын талаар Ерөнхийлөгч Трамп “"Агуу, бүр домогт Чарли Кирк нас барлаа. Америкийн Нэгдсэн Улсын залуучуудыг Чарлигаас илүү сайн ойлгож, санаа зовдог хүн байсангүй. Бүгд түүнийг хайрлаж, биширдэг байсан, тэр дундаа би биширдэг байсан. Одоо тэр үгүй болов. Меланиа бид хоёр түүний үзэсгэлэнт эхнэр Эрика болон гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж байна. Чарли, бид чамд хайртай!" гэж цахим хуудастаа бичжээ.
Юта мужийн амбан захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Спенсер Кокс халдлагыг улс төрийн зорилготой аллага гэж мэдэгдэв.
"Энэ бол манай улсын хувьд хар өдөр. Энэ бол манай улсын хувьд эмгэнэлтэй өдөр. Би тодорхой хэлмээр байна: Энэ бол улс төрийн аллага" гэж амбан захирагч сэтгүүлчдэд хэлжээ.
Чарли Кирк нь Америкийн улс төрийн консерватив талын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд Дональд Трампын ойр дотны хүн байв.
Тэрээр орон даяар коллеж, их дээд сургуулиудад подкаст хөтөлж, кампусуудад улс төрийн мэтгэлцээн өрнүүлдэг байж.
Улс төрч 2012 онд 18 настайдаа консерватив үзэл санаа, үнэт зүйлсийг сурталчлах оюутны байгууллага болох Turning Point USA (TPUSA) байгууллагыг үүсгэн байгуулсан байна.
Тус байгууллага эрхэм зорилгоо “Төсвийн хариуцлага, чөлөөт зах зээл, засгийн газрын хязгаарлагдмал хөндлөнгийн оролцооны зарчмуудыг ахиулах” хэмээн тунхагладаг. TPUSA-ийн бүлгүүд 850 гаруй коллежид ажилладаг аж.
Эл байгууллга өнгөрсөн жил Трампын сонгогчдыг дайчлахад томоохон үүрэг гүйцэтгэжээ Чарли Кирк Аризона мужид хэдэн арван мянган шинэ сонгогчдыг урамшуулж, бүртгүүлэхэд биечлэн тусалсан нь Трампыг тус мужид ялахад маш их хувь нэмэр оруулсан гэж үздэг.
