Японы шинэ Ерөнхий сайд хатагтай Санаэ Такаичи Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна. Японы хулгайлагдсан иргэдийн тухай асуудал дипломат харилцаагүй энэ хоёр улсын хооронд хурц асуудал болж байдаг юм. Японы 13 иргэнийг хулгайлснаа Пхеньян 2002 онд хүлээн зөвшөөрсөн. Тэдний тав нь эх орондоо эргэж ирсэн, бусдыг нь амь үрэгдсэн гэж зарлаад шарилыг нь илгээсэн ч тэд нь япон иргэдийнх мөн, эсэхийг тогтоож чадаагүй гэдэг.
Японы тэдгээр иргэдийг 1970-1980-аад онд Умард Солонгосын тусгай албад хулгайлсан аж. Японы тал 17-гоос цөөнгүй иргэдийг нь Японд ажиллах Умард Солонгосын тагнуулчдыг бэлтгэхэд оролцуулах зорилгоор хулгайлсан гэж үзсээр ирсэн. Японы Ерөнхий сайдасан Жүничиро Коизүми Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Иртэй яриа хөөрөө хийсний үр дүнд таван иргэнээ буцааж авчирсан юм.
Умард Солонгост хулгайлагдсан иргэдийн төрөл төрөгсөд саяхан Токио хотод цуглаан зохион байгуулж, амьд байгаа япон иргэдийг бүгдийг нь эргүүлж өгөхийг шаардлаа.
...Хулгайлагдсан япончуудын дундаж нас 20-30, хамгийн бага нь Мэгүми Екота 13-тай байжээ. Амьд байгаа япон хүмүүсийг эх оронд нь ирүүлэхгүй байгаа нь Умард Солонгосын чухал нууцыг тэд мэдэж байдагтай нь холбоотой гэж Японд олон хүн үздэг.
2014 оны НҮБ-ын тайланд Умард Солонгос 1977-1983 онд Японы дор хаяж 100 хүнийгхулгайлсан гэсэн дүгнэлт хийсэн ч Японы Засгийн газар 12 үйлдлээр 17 хүн хулгайлсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
1. Күмэ Ютаког 1977 онд 52 настайд нь хулгайлсан, Умард Солонгост авчирснаа тэдний тал үгүйсгэдэг.
2. Мацүмото Кего (эмэгтэй)-г1977 онд гэрийнхээ ойролцоо явж байхад нь хулгайлсан, 29 настай байж.
3. Ёкота Мэгүми (эмэгтэй)-г1977 онд сургуулиасаа харьж явахад нь хулгайлсан, 13 настай байсан.
4. Танака Минорү 1978 онд 28 настайдаа Европ руу яваад сураг тасарсан.
5. Тагүти Яэко (эмэгтэй) 1978 онд 22 настайдаа хулгайлагдсан, автын ослоор амиа алдсан гэж Умард Солонгос үздэг.
6. Тимүра Ясүси 1978 онд 23 настайдаа хулгайлагдсан, 2002 онд Японд буцаж ирсэн.
7. Тимүра Фүкиэ (эмэгтэй) 1978 онд 23 настайдаа “Ясүситай уулзахаар явлаа” гэжгараадалга болсон, 2002 онд буцаж ирсэн.
8. Хасүикэ Каору 1978 онд 20 настай байсан, гэрээсээ гарч яваад сураггүй болсон, 2002 онд буцаж ирсэн.
9. Хасүикэ Юкико (эмэгтэй) 1978 онд 22 настайдаа алга болоод, 2002 онд буцаж ирсэн.
10. Итигава Сюити 1978 онд 23 настайдаа наранд шарах газар очно гэж яваад алга болсон, далайн усад орж байгаад зүрх нь хаагдан нас барсан гэж Умардын тал мэдэгдсэн.
11. Масүмото Рүмико (эмэгтэй) 1978 онд 24 настай байсан, наранд биеэ шарна гэж яваад алга болсон. Тэнгисийн усанд орж байхад зүрх нь хаагдаж амиа алдсан гэж Умардын тал мөнмэдэгдсэн.
12. Сога Хитоми (эмэгтэй) 1978 онд алга болохдоо 19 настай байсан. Ээжтэйгээ дэлгүүр явна гэж гараад сураг тасарсан. 2002 онд Япондоо эргэж ирсэн.
13. Сога Миёси (эмэгтэй) 1978 онд 45 настайдаа охинтойгоо дэлгүүр явлаа гээд алга болсон.
14. Исиока Тоорү 1980 онд Европт байгаад сураггүй болохдоо 22 настай байсан. Ахуйн хэрэглээний хийнээс болж амиа алдсан гэж Умард Солонгосын тал мэдэгдсэн.
15. Мацүко Каорү 1980 онд 26 настайдаа Европоос алга болсон, автын ослоор амиа алдсан гэж Умард Солонгос мэдэгджээ.
16. Хара Тадааки 1980 онд 43 настай байсан, өвчнөөр нас барсан гэж Пхеньян мэдэгдсэн.
17. Аримото Кейко 1983 онд Европоос алга болохдоо 23 настай байсан, мөнлахуйн хийн нөлөөгөөр амиа алдсан гэж Умард Солонгос мэдэгдсэн.
Энэ бол ёстой л “мөсөн уулын орой” төдий тоо. Японы бие даасан нэг комиссын үзэж буйгаар Умард Солонгосын үйл ажиллагааны золиос болсон японхүн 470 орчим. Японы Засгийн газар болохоор хулгайлагдсан байж болох хүний тоо 2021 оны эцсийн байдлаар 873 гэдэг.
Эдийн засгийн өсөлтийн өндөр хурд буцалсан 1970-аад онд Японд аж үйлдвэрийн хөгжингүй гүрэн болох үйл явц ид оволзож байв. Чухам энх амгалангийн ийм цаг үед Умард Солонгос “таагүй гадаад бодлого” явуулж эхэлсэн байна. 1978 оны наймдугаар сарын 15-ны орой Япон тэнгисийн эргээр зугаалж явсан Такаока хотын хос залуу руу үл таних дөрвөн хүн дайрч гар, хөлийг нь хүлж, амыг нь таглаад зузаан хүүдийд хийж орхив. Тэд хөлөг онгоцоо ирэхийг нь хүлээж байх бололтой. Тэгж байтал гэнэт нохой хуцахад ойрхон хүмүүс байгааг анзаараад тэд нөгөө хоёрыг тэр чигт нь орхиод зугтав. Ингээд энэ удаагийн хүн хулгайлах оролдлого бүтсэнгүй. Гэхдээ тухайн үед энэ хоёр залуу шиг япон хүмүүс Умард Солонгос руу хулгайлагдсаар байв. Харин япончууд учрыг нь сайн олохгүй, мэдээллийн хэрэгслээр ч тун даруухан мэдээлдэг байлаа.
Хүмүүсийг хулгайлах арга нь маш олон янз. Жишээ нь, зоогийн газарт ажилладаг Танака Минорүг ажлын газрынх нь эзэн, Умард Солонгосын тагнуул байсан хүн хулгайлжээ. Ийм хэрэг хилийн чанадад цөөнгүй үйлдэгдэж, түүнд япон хүмүүс ч оролцож байсан аж. Лондонд мэргэжил дээшлүүлж байсан Аримото Кэйког 1983 онд эхлээд Данид аваачаад дараа нь Умард Солонгос руу гаргасан байна. Японы иргэдийг яагаад хулгайлах болов. 1953 онд Солонгосын дайн зогсмогц Өмнөдийнхөө эсрэг тагнуулын үйл ажиллагааг Умард Солонгос идэвхжүүлжээ. Өмнөд Солонгос ч түүний эсрэг хийх тэмцлээ хүчтэй болгов. Ийм нөхцөлд Умардын тагнуулууд Японд очиж өөрсдийгөө япон хүн гэж итгүүлэхийн тулд хэлийг нь сурах ёстой, үүнд хулгайлагдсан япончууд туслах шаардлагатай болсон байна.
Япончуудыг Умард Солонгос хулгайлаад байна гэх сэжиг 1987 онд “Korean Air” компанийн зорчигч тээврийн онгоц дэлбэрснээр гарцаагүй нотлогдсон байдаг. Өмнөд Солонгос руу Энэтхэгийн далай дээгүүр нисэж явсан онгоц дэлбэрснээр бүх зорчигч, багийн гишүүд амь үрэгдэж Умардын тагнуул Ким Хён Хи гэдэг эмэгтэй баривчлагджээ. Тэрбээр гэмт хэргийн үеэр хуурамч паспорт ашиглан өөрийгөө япон хүн гэж хэлж явсан байна. Мэдүүлэхдээ “Надад япон хэлийг Ли У Нэ гэдэг эмэгтэй заасан” гэжээ. Түүний жинхэнэ нэрийг тэр асууж байсангүй. Тэр нь 1978 онд 22 настайдаа хоёр хүүхдээ зочид буудалдорхиод сураггүй болсон Тагүти Яэко байжээ. Хулгайлагдсан япончуудын асуудлыг анх хөндөгсдийн нэг “Асахи” сонины ажилтан Исидака Кэнзи “20 жилийн өмнө алга болсон бүрэн бус дунд сургуулийн сурагч Ёкота Мэгүми Умард Солонгост хулгайлагдсаныг 1997 оны эхээр би мэдсэн юм. Энэ тухай материал хоёрдугаар сард сонинд нийтлэгдэж, Засгийн газрын сонирхлыг татсан” гэж ярьсан байна. Хүн хулгайлсан тухай асуудал Японы нийгмийг хүчтэй доргиосон ч Умард Солонгос гэмт хэргээ үгүйсгэсээр байв. 2001 онд Жүничиро Коизүми тэргүүтэй Японы эрх баригчид төр, засгийн толгойд гарч ирснээр энэ үйл хэрэгт үлэмж өөрчлөлт гаргав. 2002 оны есдүгээр сард Японы Ерөнхий сайд Коизүми Умард Солонгост анх айлчилж, Ким Чен Иртэй хэлэлцээр хийв. Дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Чен Ир “Манай тусгай албадын зарим хүн баатар болох эрмэлзэлдээ харалган болж ийм ухаангүй үйлдэл хийсэн юм билээ” гэж хэлээд уучлалт гуйсан байна. Энэ явдал хүн хулгайлснаа албан ёсоор анх удаа хүлээсэн үйлдэл болж эцэст нь түүх байрнаасаа хөдөлжээ. Хулгайлагдсан таван хүн аравдугаар сарын 15-нд Япондоо буцаж ирлээ. Тэд нь 1978 онд 20 настайдаа гэрээсээ гараад сураггүй болсон Хасүикэ Каорү, гэргий Юкико, 1978 онд 19 настайдаа гэрээсээ гараад алга болсон Сога Хитоми, 1978 онд 23 настай байсан Тимүра Якүси, гэргий Фүкиэ нар байв. Хулгайлагдсан гэж Японы тал албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Ёкота Мэгүми болон бусад 12 хүний тухайд Умард Солонгос “Эдний найм нь үхсэн, дөрөв нь манай улсад орж ирээгүй” гэж мэдэгдсэн байна.
Хүн хулгайлснаа Умард Солонгос яагаад хүлээн зөвшөөрөв. Дэлхийд хүйтэн дайн зогсож, Умард Солонгосыг найдвартай халхалж, хамгаалж байсан ЗХУ задарснаар 1990-ээд оноос Умардын хүнсний хангамж эрс муудсан тул Японтой Пхеньян эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлж, хариуд нь хулгайлсан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц гаргахаар шийджээ. Гэвч удалгүй Умард Солонгост эрх баригчид солигдож, бодлого нь өөрчлөгдсөнөөс яриа хөөрөө тасрав. Умард Солон гост хүний эрхийг зөрчиж буйг шүүмжилсэн тогтоол НҮБ-ын Ерөнхий Ассамблей гаргаж, олон улсын тавцанд улам бүр тусгаарлагдахын хэрээр Умард өөрийн хатуу байр суурийг баримталж, “Хүн хулгайлсан тухай асуудал нэгэнт шийдэгдсэн” гэж гөжих болов. Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газар хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг 2012 онд нэг гол зорилгоо болгож, үүнгүйгээр улс хоорондын харилцааг хэвийн болгох боломжгүй гэж мэдэгдлээ. Гэлээ ч үр дүнд хүрсэнгүй. 2014 оны хавар Стокгольмд болсон хоёр улсын Засгийн газар хоорондын арга хэмжээний эцэст япончууд алга болсон хэргийг Умард Солонгос мөрдөн шалгах, Япон тавьсан хоригоо сулруулахаар тохиролцов. Үүний дүнд 1970-аад оны эцсээр алга болсон Танаки Минорү, Канеды Рёмицү нарын хувь заяа тодорхой болж, тэд амьд мэнд байв. Үүнээс хойш яриа хөөрөө тасарч, одоо хэр нь ямар нэг ахицгүй байна. “ Асахи” сонины ажилтан Исидака “Хулгайлагдсан хүмүүс маань Умард Солонгост байгааг бид мэдэж буй ч Засгийн газар маань тэднийгээ аварч чадахгүй байгаа нь Японд мөрдөн шалгах ажиллагаа явуулах тагнуулын байгууллага байхгүй, энэ ажилд Умард Солонгост ойр гурав дахьулсын тагнуулыгтатан оролцуулахгүй, мэдээлэл олж авах боломжгүй, үр бүтээлтэй яриа хөөрөөнд хүргэх ямар нэг сэжмийг эрх баригчид хайхгүй байгаа нь нэг шалтгаан болж байна. Энэ нь Японы аюулгүй байдалд ч заналхийлж байна” гэж үзэж байгаа аж.
...1977 оны арваннэгдүгээр сарын 15-ны өглөө 13 настай Ёкота Мэгүми хичээлдээ яваад гэртээ харих замдаа ор мөргүй алга болов. Эрж хайгаад олсонгүй. Яасныг нь тогтоох сэжим олох горьдлого тээн эцэг Сигэрү, эх Сакиэ нар нь тэнгисийн эргээр бэдэрсээр. 1990-ээд он болж байж байдал өөрчлөгдөв. “Асахи” сонины Исидака Кэнзигийн авсан ярилцлага үүнд түлхэц болсон байна. Тэрбээр Умард Солонгосын тагнуулууд япон иргэдийг хулгайлж байсныг мэдэж авчээ.
1995 онд олны хүртээл болсон баримтат хөтөлбөрт Осака хотын зоогийн газартажиллаж байсан Хара Тадааки 1980 онд 43 настайдаа хулгайлагдсан тухай өгүүлжээ. Түүнийг Умард Солонгосын тагнуулын байгууллагын “томоохон гар” гэгддэг Си Кван Су гэгч хулгайлсан байв. Энэ этгээд Өмнөд Солонгосын Чэндү арал дээр байгааг Исидака мэдэв. Түүнтэй биечлэн уулзаж ярилцахад гудамжинд уйлж унжаад Хараг хулгайлснаа хүлээв. 1996 онд 13 настайдаа хулгайлагдсан охины тухай хөндсөн Исидакагийн материал хэвлэгдсэний дараа Мэгүми амьд байгаа мэдээлэл цутгаж гарах нь тэр. Нийтлэлд уг охин ихрийн өрөөсөн болох талаар өгүүлсэн нь бүр ч анхаарал татжээ. Урьд нь энэ тухай ер хэлж ярьж байсангүй. Японы Ерөнхий сайд Коизүми Умард Солонгост айлчилж, удирдагч Ким Чен Ир нь уучлалт гуйснаас хойш тэнд амьд байгаа хулгайлагдсан япон иргэдийн нэрс дотор “Мэгүми” алга байв. Тэгсэн чинь энэ эмэгтэй Умардад зугтаж ирсэн Өмнөдийн иргэнтэй сууж, хүүхэд гаргасан, дараа нь “амиа хорлосон” гэсэн тайлбар Пхеньян ирүүлсэн байна. Үүнийг дахин шалгаж нягтлахыг Японы Засгийн газар шаардсанд 2004 оны эцсээр Мэгүмигийн нөхөр байсан Ким Ён Нам хадгалж байсан гэх чандар, фото зургийг ирүүлсэнд генетикийн шинжилгээ хийлгэсэнд Мэгүмигийнх биш болох нь нотлогджээ.
Умард Солонгос Мэгүмигийн тухай үнэнийг ингэтлээ нуухын учир юу вэ. Зарим хэвлэлд бичсэнээр 2011 онд нас барсан Ким Чен Ирийн (одоогийн удирдагчийн эцэг) хүүхдүүдэд Мэгүми япон хэл зааж байсан бололтой. Умард Солонгосын төр хичээн нууцалж байдаг Кимийн удмынхны талаар Мэгүми олон зүйл мэддэг болсон байсантай нь энэ хэрэг холбоотой байж болох. 2014 оны гуравдугаар сард Сигэрү, Сакиэ хоёр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Мэгүмигийн охин, өөрсдийнх нь зээ охин болох Ким Ун Гёнтой уулзсан байна. Тэд таван өдөр хамт байв. 2002 онд Япон-Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Ун Гён охин хэвлэлийнхэнтэй уулзаад нүдэндээ нулимс мэлтрүүлэн өвөө, эмээ хоёр нь нэг ирээд уулздаг ч болоосой хэмээн ярьсан байна. Тэгэхэд тэрбээр 15 настай байлаа. Монголд ирэхдээ 10 сартай охиноо дагуулж ирж гучийг нь өвөө, эмээ хоёртойгоо золгуулжээ. Мэгүми хэрхсэнийг ягштал нотолсон баримт өнөө хэр нь үзүүлээгүй байгаа. Сигэрү гуай хайрт охиноо амьд гэдэгт итгэсээр, түүнийхээ барааг харах өдрийг хүлээсээр 87-тойдоо 2020 онд бурхан болжээ. Хулгайлагдсан хүмүүсийн эцэг, эх, ойр дотныхон нь бүгд насан өндөр болцгоож байна. 1983 онд 23 настайдаа Европоос хулгайлагдсан Аримото Кейкогийн эх Каёко 2020 онд 97 насандаа өөд болж. 1978 онд 22 настайдаа хулгайлагдсан эмэгтэй Тагүти Яэкогийн ах Иизүка Сигэо 2021 оны эцсээр нас баржээ.
Японы Ерөнхий сайд асан Фүмио Кишида байдлыг шийдмэг өөрчлөх цаг болсон бөгөөд ойрын үед дээд түвшний уулзалт хийхийн тулд өндөр хэмжээнд яриа хэлэлцээ хийх ажлыг өөрийн биеэр удирдана гэж мэдэгдсэн ч тодорхой юм хийлгүй халаагаа өглөө.
Р.Жаргалант