Дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг ZTE корпорац нь БНХАУ-д 1985 онд байгуулагдсанаас хойш өдгөө 120 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, дэвшилтэт шийдэл, орчин үеийн тоног төхөөрөмжөөрөө хэдийн олон улсад танигджээ. Тус байгууллага Монголын зах зээлд тасралтгүй 21 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа харилцаа холбоо, дэд бүтэц, боловсрол, төмөр зам зэрэг стратегийн чухал салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан юм. Монгол Улсын 21 аймаг, 320 гаруй сумыг шилэн кабелийн сүлжээнд холбохоос эхлээд ухаалаг боловсролын систем, төмөр замын холбооны шинэчлэл зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. ZTE компанийн гүйцэтгэх захирал З.Тулгууртай энэ талаар ярилцлаа.
-ZTE корпорацын үйл ажиллагааны чиглэл, өнөөгийн цар хүрээний талаар та эхлээд товч танилцуулахгүй юу?
-Манай байгууллага БНХАУ-ын Шэньжэнь хотноо 1985 онд байгуулагдсан. Одоогоор Шэньжэнь болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн 120 гаруй улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийт 70 мянга гаруй ажилтантай бөгөөд харилцаа холбооны салбарын томоохон тоглогч гэж хэлж болно.
Бид Монголын зах зээлд 2003 онд анхлан орж ирсэн. Удаах жил нь Монгол дахь төлөөлөгчийн газраа байгуулсан юм. Харин “охин” компаниа 2009 онд байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй, идэвхтэй ажиллаж байна. Одоогоор манай байгууллага 50 гаруй ажилтантай бөгөөд тэдний 75 хувь нь монгол мэргэжилтнүүд.
-ZTE компанийг Монголын зах зээлд ухаалаг гар утас, цаг зэргийг нийлүүлдгээр нь мэдэх хүн олон байх аа?
-Манай ZTE компани Монголын зах зээлд үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, үүрэн холбооны оператор компаниудад харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлнэ. Хоёрдугаарт, төр болон хувийн хэвшилтэй хамтран дэд бүтэц, технологийн төслүүд хэрэгжүүлдэг. Гуравдугаарт, mobile device буюу гар утас, таблет зэрэг хэрэглээний төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Үүний хүрээнд Монголын бүх үүрэн холбооны оператор компанитай хамтран ажилладаг. Мөн төр болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран нэлээд олон төсөл хэрэгжүүллээ.
-20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд бодит үр өгөөж өгсөн томоохон төслүүдээсээ дурдахгүй юу?
-Юуны өмнө БНХАУ-ын Эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн, Монгол Улсын 21 аймаг, 320 гаруй сумын төвийг шилэн кабелийн сүлжээнд холбосон төслийг онцлох хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд 9000 орчим км шилэн кабель суурилуулж, өмнө нь интернэтгүй байсан олон сум, сууриныг мэдээллийн сүлжээнд холбосон. Үүнээс өмнө дийлэнх аймгийн болон сумын төв интернэт сүлжээнд хараахан холбогдоогүй байв. Шилэн кабель бол харилцаа холбооны “хурдны зам” гэдэг. Тиймээс энэ төслөөр дамжуулан малчид, орон нутгийн иргэд дэлхий рүү нэг алхмаар ойртсон гэж бид үздэг.
Үүний дараа “Шинэ зууны боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 2015-2017 онд ухаалаг боловсролын системийг нэвтрүүлсэн. 600 гаруй сургууль, 200 орчим эрүүл мэндийн байгууллагыг нэгдсэн сүлжээнд холбосноор алсын зайн буюу цахим сургалт явуулах боломж бүрдсэн. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн сумын төвд амьдарч буй хүүхэд Улаанбаатарын хамгийн шилдэг багш нарын хичээлийг цахимаар үзэх боломжтой боллоо. Энэхүү төсөл 2020 оны цар тахлын үед бодит үр дүнгээ харуулсан шүү дээ. Тэгэхээр эл төсөл Монгол Улсын боловсролын салбарт хувь нэмрээ хэдийн оруулсан гэсэн үг.
-Та бүхэн төмөр замын салбарт ч идэвхтэй ажилласан байх аа?
-Ер нь манай компани төмөр замын салбарт идэвхтэй ажилласаар ирсэн. Монголын бүх төмөр замын дагуух харилцаа холбооны системийн 70-80 хувийг манай компанийн шийдэл, тоног төхөөрөмж хангаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын холбооны системийн шинэчлэлийн төсөлд манай байгууллага 2017-2019 онд хамтран ажилласан. Үүний үр дүнд ачаа тээврийн нэвтрэх чадварыг 20 орчим хувиар дээшлүүлсэн гэж үздэг. Төмөр зам бол тухайн улсын эдийн засгийн гол хөшүүргүүдийн нэг байдаг. Ачаа тээврийн урсгал 15-20 хувиар нэмэгдэнэ гэдэг нь улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
-Их, дээд сургууль, тэр дундаа МУИСтай хамтран хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн гол зорилго, давуу тал нь юу бол?
-Бид МУИС-тай хамтран сургалтын тусгай хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэллээ. Уг сургалтаар дамжуулан ZTE-ийн тоног төхөөрөмж, харилцаа холбооны технологи, хиймэл оюуны орчин үеийн мэдлэгийг оюутнуудад үнэ төлбөргүй олгож байна. Сургалтад хамрагдаж, сертификат авсан төгсөгчид Монголын харилцаа холбооны компаниудад төдийгүй гадаадын байгууллагад ч ажиллах бүрэн боломжтойгоороо онцлог. Учир нь ZTE бол дэлхийн 120 гаруй улсад салбартай, олон улсын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг компани.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудаас танилцуулахгүй юу?
-Манай хамт олон Монгол Улсад 21 жил ажиллах хугацаандаа нийгмийн хариуцлагыг чухалчилж ирсэн. Ажилтнуудын санаачилгаар хүүхдийн асрамжийн газарт нэг өдрийн цалингаа хандивлаж байлаа. Мөн харилцагч байгууллагуудтайгаа хамтран жил бүр мод тарьдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөртэй нийцэж байна гэж хардаг юм. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2023 оны зудын үеэр хандив өргөсөн. Үүнээс гадна ZTE компанийн өөрийн бүтээгдэхүүн болох сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан таблет болон байршил тогтоож, агаарын бохирдол хэмждэг хүүхдийн цаг хандивласан. Бид цаашид ч Монголын нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудаа тогтмол хэрэгжүүлэх болно.
-Танай байгууллагын цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Бид уламжлалт харилцаа холбооны тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ гар утас, терминалын зах зээлийг өргөжүүлэх зорилт тавьж байна. Мөн 5G технологийн шинэ эрин эхэлж буй энэ үед ZTE олон тооны оюуны өмчийн эрхтэй, инновац бүтээгч гол компаниудын нэг. Монгол Улс уул уурхайд суурилсан эдийн засагтай тул ухаалаг уурхай, автомат буюу жолоочгүй тээврийн хэрэгсэл зэрэг шийдлийг нутагшуулах боломж нээлттэй гэж харж байгаа.
У.Сүрэн