Хэнтийн Дадал сумд байгуулж буй “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын ажил 80 хувьд хүрснийг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өдгөө аялал жуулчлалын мэдээллийн төвийн барилгын дотоод засал, гаднах тохижилтыг нь хийж буй аж.
Эл цогцолборыг түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулахаар Их эзэн Чингис хааны төрж өссөн Дадал сумын Бор толгой хэмээх газарт нийт 295 га талбайд төлөвлөлт хийж, 2019 оноос ажлыг нь эхлүүлсэн юм.
“Чингис хаан” цогцолборыг өдөрт 4500 гаруй жуулчин хүлээн авах хүчин чадалтайгаар төлөвлөсөн. Мөн цогцолборыг Дадал сумын төвтэй авто замаар холбож, 50 автобус, 220 автомашины зогсоол, цахилгаан дамжуулах шугам, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийг иж бүрнээр нь шийдэхээр зураг төсөлд тусгасан бөгөөд өдгөө үүний дагуу ажлууд үргэлжилж байгааг “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийнхөн танилцуулав.
Н.Мишээл