Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Автомашингүй өдөр дугуйн парад зохион байгуулна

Автомашингүй өдрийг энэ сарын 25-ны ням гарагт зохион байгуулна. Үүний хүрээнд хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд хаана. Төв талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагаатай. Нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спортын газар хамтран 10 төрлөөр 20 тэмцээн зохион байгуулах аж. Мөн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл хийж, оролцогч иргэдийн дунд тэдгээрт хичээллэх эрхийн бичиг хожих сугалаа явуулах юм байна. Мөн тухайн өдөр 08.00 цагаас төв талбайгаас эхлэн таван км-ийн зайд эрүүл мэндийн гүйлтийн тэмцээн болох нь. Энэ нь 5000 төгрөгийн хураамжтай. Уг хураамжийн орлогыг МУИС-д сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг болгон олгох гэнэ. Бас 15.00-17.00 цагт 15 км-ийн зайд дугуйн парад явуулахаар төлөвлөжээ. Оролцогчдыг МУИС-ийн I байрны үүдэнд бүртгэх бөгөөд 14-өөс дээш насны иргэдийг хамруулах аж. 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хүрээлэн буй орчин болон нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Автомашингүй өдрийг 2009 оноос хойш зохион байгуулж буй. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас тасалдсан. Энэ жил өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөлөө” гэв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Эрүүл мэндийн гүйлт нь хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд иргэдийг уриалсан арга хэмжээ юм. 2019 онд хийсэн судалгаагаар 15-69 насны хүн амын 65 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарсан. Тэр дундаа 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь хэт тарган байна. Илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам бол алхалт, хөдөлгөөн. Иймд Автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уриалгыг олон нийтэд хүргэнэ” хэмээгээд, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав.