УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорч эхэлнэ. Горилогчид нэр дэвших хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт нам, эвслүүддээ гаргаж, бас “виз” авахын тулд мөнгөний эрэлд “хатаж” юм юм л өрнөсөн бололтой. Ялангуяа хоёр гол нам дотор ийм өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Тухайлбал, нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-нөөс эхэлсэн ч АН-ын зарим горилогч хүсэлтээ гаргах сүүлчийн өдөр нь баасан гараг гэдгийг гэнэт “мэдэж”, ийш тийш гүйсээр материалаа амжиж бүрдүүлж өгсөн гэнэ.
УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон, мөн татварын хугацаа хэтэрсэн өр, зээл, барьцаа төлбөргүй гэдгээ баталсан лавлагаа авах учиртай. Ийнхүү нам, эвслүүд гишүүдийнхээ нэр дэвших хүсэлтийг авч дуусжээ. МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ эцэслэнэ. Үүний дараа хэдэн сарын турш хөшигний ард өрнөсөн сонгуулийн сунгаанд хэн ялж, нэр дэвших эрхээ өвөртөлснийг бид мэдэх нь.
ЖАГСААЛТАД ЭХНИЙ БАЙРУУД 15 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН ҮҮ
МАН, АН-ын жагсаалтын эхний 10-15-д нэрээ бичүүлэхийн тулд 5-10 тэрбум төгрөг төлж байгаа тухай хэвлэлүүдээр ч, нийгмийн сүлжээнд ч мэдээлэл гарч буй. Тэгвэл нэр дэвшүүлэх ажиллагаа өрнөсөн сүүлчийн долоо хоногт энэ ханш бүр өсөж, 15 тэрбум төгрөгт хүрсэн бололтой. УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн чуулганаар энэ талаар хэлэлцүүлэг өрнөжээ. Хэдийн дараагийн ажлаа олчихсон, БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдоод буй гишүүн Н.Энхболд сонгуулийн галзуурлаас хол яваа биз. Тэрбээр “Асар их мөнгөөр жагсаалтад орох эрхээ худалдан авч буй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайдад мэдээлэл байна уу. Жагсаалтаар нэр дэвшигчид тойрогт өрсөлдөх хүмүүсийн зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх мөнгө зарцуулахаар хуульд заасан. Гэвч санаанд оромгүй тоотой үнээр суудлаа худалдаад байна гэх юм. Энэ бол мөнгөөр төрийн эрхийг худалдан авах гэсэн оролдлого шүү дээ” гэжээ. ХЗДХ-ийн сайд ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. “Жагсаалтаа зарах гэж байгаа, эхний тавд багтах хэрэгтэй байна, 15 тэрбум төгрөг өгчих гэх зэргээр ярьж яваа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой” гэсэн байх юм. АН-ынхан эсрэг намаас томилогдсон сайдаас мөнгө асууж явахгүй нь мэдээж. Тэгэхээр Б.Энхбаяр сайд өөрийнхөө намынхны мэдээллийг энд эш татсан болов уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд илүү мэдээлэлтэй байгаа, бас хариуцлагагүй, худал үг амнаасаа унагахгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, энэ үгээрээ тэрбээр МАН-ынхан ч жагсаалтаа худалдаж буйг хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож байна. Гэтэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жагсаалтаа мөнгөөр худалдаж буй намуудыг иргэд сонгохгүй байх хэрэгтэй” хэмээн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцохдоо уриалсан билээ. Тэгэхээр сонгож болохгүй намуудын нэг нь МАН болчихож байгаа юм. АН-ын хувьд жагсаалтын эхний 10-15 дугаар байр 2-6 тэрбум төгрөгийн ханш тогтсоныг зарим гишүүн нь ч нуухгүй байгаа. Эл өдрүүдэд ханш өссөн байхыг бас үгүйсгэхгүй.
Мөн жагсаалтын эхний байруудыг мөнгөөр үнэлж, УИХ-ын сонгуулийн хуулийг илт зөрчиж буй тухай гишүүд нь ч, сайд нь яриад эхэлмэгц СЕХ-ноос гэнэтхэн мэдэгдэл гаргав. УИХ-ын сонгуулийн хуулийн 30.3, Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ гишүүн, дэмжигчдээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, барьцаа, дэнчин авахыг хориглоно, ингэвэл төрийн эрхийг хууль бусаар авах эрүүгийн гэмт хэрэг болно гэдгийг тэд сануулсан аж. Өмнөх хэдэн сарын турш жагсаалтыг хэдэн тэрбумаар үнэлж буй тухай мэдээлэл гарсаар байхад СЕХ нүдэн балай мэт байснаа чуулганаар яриад эхэлмэгц гэнэт “сэрсэн” бололтой юм. Үнэндээ аль ч нам нэр дэвшүүлэхийн тулд гишүүдээсээ дэнчин, хандив авч, тэр тусмаа жагсаалтын эхний байруудыг асар их мөнгөөр үнэлж буйгаа албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй. Илт хууль бус үйлдэл учраас тэд баримтаа ил болгохгүй нь мэдээж. АН-аас нэр дэвших хүсэлтээ өгсөн хуульч Х.Номингэрэл “Аль нам нь хаагуураа горилогчдоосоо мөнгө нэхээд байгаа юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь барьц, нотолгоогүйгээр намуудыг занаад, СЕХ нь гэнэт мэдэгдэл гаргаад уналаа. Эрх баригч намынхан нь илт сонгуулийн хууль зөрчөөд, тэтгэвэр тэтгэмжээ нэмж, бэлэн мөнгө, зээл, байр сав амлаад өгөөд байхад СЕХ дуугүй л байсан даа. УИХ нь ч сонгуулийн хуулиараа мөнгөний өрсөлдөөнийг хуульчлаад баталгаажуулчихсан байдаг шүү” хэмээн бичжээ.
СОНГУУЛИЙН СОЛИОРОЛ
УИХ-д бид анх удаа 126 гишүүн сонгох гэж буй учраас горилогчийн тоо ч олон байна. Тэдний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. Олон горилогчоос шигшихийн тулд намууд ханшаа хөөргөж, дэнчин, хандивын мөнгөө тэнгэрт тулгаж буй нь сонгуулийн нэгэн солиорол мөн. Үүн дээр нэмээд өрсөлдөгчөө харлуулах улиг болсон ажлууд хэдийн эхэлчхээд байна.
Түүнчлэн сонгууль бүрээр сөхдөг сэдвээс монголчууд хэдийн залхаж, шүүлтүүртэй хандаад эхэлсэн. Үйлдэл дээрээ баригдсан хүн амины хэрэгтнийг цэнхэр дэлгэцийн хойморт залж буй эрх баригчдын үйлдэл ч увайгүй харагдаж буй. Гурван шатны шүүхээр буруутайг нь тогтоосон хүмүүсийн эрхийг хамгаалж, нөхөн төлбөр төлүүлэхээр ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа нь ч нэг төрлийн “солиорол”. Хилс хэрэгт гүтгэгдсэн, эрүүдэн шүүгдсэн юм бол энэ талаар яагаад өмнөх он жилүүдэд ярьж, хэлэлцээгүй вэ. Яг өдийд гаргаж ирсэн нь сонгуультай холбоотойг захын нохой ч мэдэж байгаа. Мөн үүнтэй холбоотой хэрэгт буруутгагдаж, ял авч байсан Б.Хурц үзэсгэлэн гаргасан нь ч сонгуулийн солиорол. Түүнийг нэр дэвшүүлж буйд эмгэнэлээ илэрхийлсэн дэд сайд Б.Солонгоогийн жиргээ ч энэ ангилалд багтана. Шүүх засаглалд нөлөөлөх оролдлого ч эрх баригчдын зүгээс илт харагдах болсон. Бие даасан, хараат бус байх ёстой засаглалыг улс төрийн шийдвэртээ “хутгаж”, эргэж буцсан “бантан” болгож буй нь бас л нэг солиорол биш гэж үү. Өөр олон гэнэтийн бэлгийг намууд, нэр дэвшигчид өөр хоорондоо өрсөлдөнгөө задлах болно. Гэхдээ энэ бүхэнд нь шүүлтүүртэй хандаж, эрүүл ухаанаар сонголтоо хийх нь чухал байна.
УИХ нь сонгуульд зориулж, цалин, тэтгэвэр нэмэх, зээл олгохоос эхлээд амлалт өгсөн хууль бус зүйлсийг хуульчлан баталж байна. Намууд нь хуулиа зөрчин, жагсаалтын дэс дарааллаа үнэлж, төрийн эрхийг худалдан авах эрхийг горилогчдодоо олгож болж байна. Гагцхүү тойргоос л харьцангуй шударгаар, ядаж хөдөлмөр зарцуулаад өрсөлдөх 78 гишүүнийг бид сонгох аж. Зарим улс төрч хэдийн “царцаа нүүлгэж”, тараахаа тараагаад “сонгогдоход” бэлэн болчихсон явна. Гэвч нэр дэвшигчид бүгд ийм биш учраас тойргоос ур чадвар, туршлага, мэдлэгээрээ өрсөлдөх хүмүүсийг сонгогчид ялгаад сонгоно, дэмжинэ. Харин намуудын жагсаалтаар, тэр дундаа гол хүчнүүдээс УИХ-д орж ирэх 48 гишүүнд бид “мөнгөөр зодуулаад” л дуусах нь. ХЗДХ-ийн сайд нь чуулганы индрээс зарласан мэдээллийг холбогдох байгууллагууд хянаж, баримтжуулаад хариуцлага тооцдог байх ёстой юм. Харамсалтай нь, хэвлэлээр ч, нийгмийн сүлжээгээр ч, бүр чуулганы танхимд яриад байгаа ч иймэрхүү “хэрэг” илэрдэггүй, баримт олддоггүй зовлон бий. Гэвч сонгууль бүрийн дараа нэг нь сэтгэл дүүрэн, нөгөө нь дундуур үлддэг. Гомдож үлдсэн хүмүүс уурандаа намынхаа булхайг дэлгэж, баримт задлах нэг “горьдлого” байна. Нөгөө талаар эрх баригч намын хараан дор ажилладаг төрийн байгууллагуудад сонгуультай холбоотой хууль бус үйлдэлд хариуцлага тооцуулна гэж хүлээлт тавих хэцүү. Тэгэхээр хууль зөрчсөн аливаа үйлдэл, мэдээллийг баримтжуулах үүргийг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, намууд, иргэдэд л үүрүүлэх хэрэгтэй болж байх шиг. Эрх биш улсаараа сонгуулийн солиоролд автчихаагүй учраас энэ хэрээс хэтэрсэн үйлдэлд нь бид л сонголтоороо цэг тавьж чадна. Төрийн эрхийг худалдаж авахаар санаархаж, жагсаалтын дээгүүр нэрээ бичүүлсэн хүмүүс байж болох ч ийм давуу эрх олгосон намд нь саналаа өгөхгүй байх нэг хувилбар бийг мартах учиргүй.