Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын суудлын төлөөх марафон МАН-д өрнөж байна. Өмнөх нь огцорч амжаагүй байхаас эхэлсэн эл сунгаанд 10 гаруй хүн эчнээ өрсөлдөж буй юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүн Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар, хотын дарга Х.Нямбаатар нарын нэр энэ өдрүүдэд хэвлэл, нийгмийн сүлжээгээр тодорлоо.
Дур эзнээ голохгүй. Хэн хэнд нь Ерөнхий сайдын эрх мэдэл эдлэх хүсэл бий учраас л ийнхүү зарим нь ил тод өөрийгөө магтуулж, давуу талаа тодотгохыг хичээв. Олон нийтийн толгойг энэ мэтээр “эргүүлж” байгаа ч гол шийдвэрийг МАН л гаргана. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Бага хурлаа өнөөдөр хийж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар товлосон юм.
ХАМГИЙН МАГАДЛАЛТАЙ НЬ ХЭН БЭ
Дээрх 11 хүнээс Н.Учрал, Г.Тэмүүлэн нараас бусад нь 1970-аад оныхон учраас “1980-аад оныхон энэ хариуцлагатай албан тушаалыг хашиж чадахгүй, төрийн ажилд “хатаагдсан” 1970 оныхон нь дээр” гэсэн тайлбар түгээж эхэлжээ. Горилогчдын олонход хамааралтай пиар хийж буй мэт боловч дэмжлэг авч мэдэхээр байгаа Н.Учралыг унагах зорилготой бололтой. 2021 онд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдоход иргэд “1980 онд төрсөн залуу Засгийн газрыг тэргүүлэх нь. Шинэ үе өөрөөр сэтгэж ажиллах байх” гэж хүлээсэн нь үнэн. Харамсалтай нь, тэр үүнд дөхөж ч очсонгүй. Гэхдээ 1980-аад оныхныг ганцхан Л.Оюун-Эрдэнэ төлөөлөхгүй. Төрсөн онд нь биш, хүнд нь учир байгааг иргэд мэдэж буй.
Ер нь дээрх хүмүүсийн дунд нэр цэвэр, ёс зүйтэй, иргэдийн олонход хүлээн зөвшөөрөгдөхүйц улс төрч тун ховор байна. Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Х.Нямбgатараас эхлээд зарим нь “Ерөнхий сайд болохгүй” гэж сэтгүүлчдийн асуултад хариулсан. Гэхдээ өмнө нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй “шударга тав”-ынхан бас л ингэж амласан ч хамгийн өндөр албан тушаалд очсон билээ. Улс төрчид өнөөдөр хэлсэн үгээ маргааш нь “санадаггүй”. МАН-ын доторх бүлэглэл буюу Ерөнхий сайдаас огцорсон ч намын дарга хэвээрээ байгаа Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон хөшигний арын оролцогч нар тохирч байж дараагийн хүнийг тодруулна. Төрийн тэргүүний зүгээс Тамгын газрын дарга Г.Занданшатарыгаа зүтгүүлж буй гэх. Түүнийг хамгийн өндөр магадлалтай нь гэж байгаа. Гэвч өнөөдрийн эрх мэдлийн зөрчил, будилааны эх үүсвэрийг тавьж, Ерөнхий сайдад илт давуу эрх олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад энэ хүн УИХ-ын дарга байсныг санах хэрэгтэй. Мөн тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдож чадаагүй. Өөрөөр хэлбэл, иргэд түүнд итгэл хүлээлгээгүй юм. Ийм хүнийг Ерөнхий сайд болгох нь зүйд нийцэхгүй гэсэн шүүмжлэл байна. Л.Оюун-Эрдэ¬нийн зүгээс хайрт үеэл Х.Нямбаатарыгаа зүтгүүлж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг татвар, бордюр хоёроор “дарамтлах”-аас өөр тоймтой ажиллаж чадахгүй яваа түүнийг Ерөнхий сайд болгохыг олон нийт дэмжихгүй. Нийгмийн хүлээлт, хүсэлт, шаардлагыг МАН-ынхан эрхбиш сонсож, харж байгаа биз ээ. Удаах хувилбар нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Парламентаа базаж чадахгүй яваа ч нам дотроо тэрбээр нэлээд нөлөөтэй гэгддэг. Бага хурлын гишүүдийн олонх нь түүнтэй нэг тал аж. Л.Оюун-Эрдэнэтэй найзууд. Гэхдээ Д.Амарбаясгалан УИХ-ын даргаа үргэлжлүүлэн хийхийг илүүд үзсэн гэх мэдээлэл байна.
Хотын дарга байхдаа төсвийн олон тэрбум төгрөгөөр ажилладаггүй усан оргилуур хийсэн С.Амарсайханыг нийгэм угаас хүлээж авахгүй. Төрийн яамыг өөрийн бизнестэйгээ ойртуулан нүүлгэж, холион бантан хутгасан Ж.Энхбаяр ч оновчтой сонголт биш. Юутай ч олон өдөр хөшигний ард яриа хөөрөө хийсэн МАН-ынхан дараачийн хүнээ хэдийн тохирсон гэж буй. Гэхдээ заалнаас Г.Тэмүүлэн зэрэг залуу гишүүнийг нэр дэвшүүлэх магадлалтай, тэгвэл төлөвлөгөөнд нь өөрчлөлт орж ч мэднэ гэсэн эргэлзээ бас бий.
ХАМТРАХ УУ, ДАНГААР УУ
МАН дангаар Засгийн газраа байгуулах уу, бусад намтай хамтрах уу гэдэг нь эдүгээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Тавдугаар сарын 23-нд болсон Бага хурлаас нь “АН-д хариуцлага тооцож, хамтарсан Засгийн газраас гарга. Дангаараа ажилла” гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар тус намын Бага хурлын 369 гишүүний 117 нь гарын үсэг зурсан “Үндэсний их эвслийн Засгийн газар байгуулах нь зөв” гэсэн шаардлагыг генсектээ хүргүүлэв. “Намын биш, улс орны эрх ашгийг бодвол энэ нь зөв, хамтрахгүй бол УИХ дээр ч ажил явахгүй, ирц бүрдэхгүй байна” гэсэн утгатай тайлбарыг тус намын бага хурлын гишүүн С.Нэргүй өгсөн. Үүнтэй нь зэрэгцэн улсын баатар Э.Бат-Үүл МАН-ынхан Засгийн газарт орж ажиллаач гэсэн хүсэлтийг АН-д дахин тавьсан тухай цахим хуудсандаа бичжээ. Хэдхэн хоногийн өмнө хөөж гаргачхаад буцааж урьсан нь үнэн бол МАН-ынханд ичих нүүр алга. Гэхдээ АН-ын сайд нараас Ц.Туваан “Ахин хамтрахад бэлэн шүү” гэсэн. Тиймээс эрх мэдэл, албан тушаалын төлөө нэр хүнд, итгэл үнэмшлээ худалдах хүмүүс АН-аас цөөнгүй гарч ч мэднэ. Ямартай ч АН-ын албан ёсны цахим хуудсанд “АН Засгийн га¬зарт дахин хамтрахгүй” гэсэн Л.Гантөмөр даргынхаа тайлбарыг оруулсан байна лээ.
МАН-ын Бага хурлын гишүүдийн 32 хувь нь эвслийн Засгийн газар байгуулах тухай зүгээр Шинэ Ерөнхий сайдад дайх үг ч нэг яриагүй нь мэдээж. Эл өдрүүдэд МАН-ынхан Үндэсний эвсэл, ИЗНН-ынхантай уулзалт, яриа хөөрөө хийсэн байх. Хэдийгээр ИЗНН-ын дарга Б.Батбаатар Засгийн газарт орохгүй гэж мэдэгдсэн ч М.Нарантуяа-Нара гишүүнийх нь санаанд сайдын суудал багтчихсан, горилоод явж буй сураг гарав. Ёс зүйгүй улс төрчийн бодит жишээ болсон энэ эмэгтэйгээр Монголын төр дутах ёсгүй юм. ХҮН намынхан бол яадаг ч байсан эрх мэдлийг илүүд үзэхээ мэдэгдээд буй. Тэгэхээр Т.Доржханд албан ёсны урилгаа л хүлээж байгаа. Үндэсний эвслийнхэн ч татгалзахгүй янзтай. Харин АН-ынхан УИХ дахь бүлгийнхэн шигээ нэгдмэл байр суурьтай байж хүчтэй сөрөг хүчнээрээ ажиллавал өөрсдөд нь ч, улс оронд ч хэрэгтэй. Сөрөг хүчингүй парламенттай улсад ардчилал хэрхэн мөхөж болдгийг өнгөрсөн хэдэн жилд бид хангалттай мэдэрсэн биш гэж үү. Хэрэв тэд хөөж гаргасан намтайгаа хамтрахыг ахин зөвшөөрвөл 2028 онд АН “арчигдана”.
НИЙГМИЙН ЗАХИАЛГА
МАН-ынхан бүлэглэлийн эрх ашгаас улсынхыг илүүд тавьж ажиллах, гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хэмжээний мэдлэг, боловсрол, ёс зүйтэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүн санал болгох ёстой. Уг шалгуурт дөхсөн хүн “олсон” бол тэр нь иргэдийн хүлээлт, шаардлагыг сонсож, өмнөх Ерөнхий сайдынхаа алдаануудыг давтахгүй ажиллах учиртай юм.
Юуны өмнө Засгийн газрыг аль болох цөөн яамтай, цомхон бүтэцтэй байгуулах хэрэгтэй. Энэ оны улсын төсвийн орлого хэдийн хэдэн тэрбумаар тасарчхаад байна. Өвөл нэг мэдэхэд хаалга тогшино. Гэтэл “ДЦС-3”-т ноцтой осол гарчихсан, халаалт, цахилгаан доголдох эрсдэл үүсчихлээ. Тиймээс аль болох л цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллах шаардлагатай цаг үетэй тулж байна. Шинэ албан тушаал бий болгон, “бялуу” хувааж, цацах төсөв, мөнгө төрд одоо байхгүй. Татвар, хураамжийг амьдралд ойртуулан яаралтай бууруулахыг олон нийт хүсэж буй. Өмнөх Засгийн газар чинь иргэдээ тултал дарамталж, ачаа үүрүүлэн туйлдуулчхаад байна. Мөн судалгаа, бас дахин судалгаа тооцоонд үндэслэж, амьдрал дунд нь орж, иргэдээ сонсож байж аливаа шийдвэрийг гаргадаг байгаарай гэж хүсье.
Үүний тулд багаа зөв бүрдүүлэх нь танай Засгийн газрын мөчлөгийг уртасгах болно. Шударга шүүмжлэлийг эрүүлээр хүлээн авч, алдаагаа засаж, ажлаа сайжруулах нь ардчилсан нийгмийн зарчим. Вакумжин амьдралаас тасарч, ард түмнээ хооронд нь талцуулан жагсаал зохион байгуулдаг, хар пиараар төгсөрсөн Ерөнхий сайд болж түүхэнд бичигдэн үлдэж буй Л.Оюун-Эрдэнийн алдааг бүү давт. Н.Алтанхуягийн үед долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайдын 30 минут” хэмээх мэдээллийн цагтай байлаа. Сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд ажлаа танилцуулж, асуултад шууд хариулдаг Ерөнхий сайдтай байсан тэр үеийг өнгөрсөн таван жилд бид маш их үгүйллээ. Тиймээс нээлттэй, ил тод ажиллах учиртай. Харин тавилттай нэвтрүүлэг, ярилцлагад л оролцож, түүнийгээ олон сувгаар зэрэг цацан, ахин тархи угаах гэж оролдвол хэзээд “огцрох амархан” байх болно. Эрх баригчид ёс зүйтэй, зөв хүнээ өндөр албан тушаалд томилж чаддаг болтол нь иргэд жагсаж мэднэ. Тиймээс хов хутгадаггүй, өөрийгөө “хаан” гэдэгт итгэтэл долоодоггүй, шударга, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлж, хаалга, цонхоо нээлттэй байлгаж, хөрсөн дээрээ бууж ажиллахыг шинэ Ерөнхий сайдаас хүсье.