Тавантолгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилалт өнгөрсөн бямба гарагт эхэлж, ёслолын парад болов. 14 хоног үргэлжлэх тус сургуулилалтад Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн анги, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк, Вьетнам зэрэг 24 орны 1200 гаруй энхийг сахиулагч оролцож байна. Сургуулилалтын нээлтэд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга, Монгол Улс дахь дипломат албан тушаалтан, цэргийн атташе нарын төлөөллөөс гадна орон орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцов. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлын нөхцөл улам бүр ээдрээтэй, тогтворгүй болж буй энэ үед улс орнуудын эв нэгдэл, гадаад харилцаа, энхийг эрхэмлэх үзэл урьд урьдынхаас илүү чухал болж байна.
“Хааны эрэлд” олон улсын сургуулилалтаар дамжуулан улс орнууд харилцан итгэлцэл, ойлголцлоо гүнзгийрүүлж, энхийг дэмжих хамтын ажиллагааг бэхжүүлсээр ирсэн. Тус үйл ажиллагааны цар хүрээ, оролцогч орнууд, хөтөлбөр жилээс жилд тэлж, дэлхийн энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэв. Монгол, АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан цэргийн сургуулилалтыг анх 2003 онд хоёр талын оролцоотойгоор зохион байгуулжээ.
Харин 2006 оноос уг арга хэмжээний цар хүрээг тэлж, олон улсынх болгосон аж. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 70 гаруй орны 20 мянга орчим албан хаагчийг хамтарсан сургуулилалтад хамруулсан байна. “Хааны эрэлд” нь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг сайжруулах, улс орнуудын найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар иржээ.
Ц.Цэнд