“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нарт авто замын засвар, шинэчлэлд төсөвлөсөн хөрөнгийг үр ашигтай, хяналттай зарцуулах шаардлагыг хүргүүлжээ.
Энэ онд нийслэлийн төсвийн 33 тэрбум төгрөгөөр 15 байршилд явган хүний 31 км замыг засаж, шинэчилж байгаа аж. Дээрх байгууллагын залуус иргэдийн шүүмжлэл, мэдээллийн мөрөөр Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөн дэх засварын ажлын явцтай танилцахад огт эвдэрч гэмтээгүй, хэвийн ашиглах боломжтой замуудыг хуулж, шинэчилж байсан гэнэ. Иймд хотын удирдлага болон зам, дэд бүтэц хариуцсан албан тушаалтанд ханджээ.
Залуус албан бичигтээ дөрвөн шаардлагыг тусгасан байна. Юуны түрүүнд энэ онд төлөвлөсөн болон яг одоо хийж байгаа явган хүний замын шинэчлэл, тохижилтын ажлыг зогсоохыг шаарджээ. Хоёрдугаарт, эвдрээгүй байхад нь хуулж хаясан зам, замын байгууламж тус бүрийн өртөг, үнэлгээг тогтоож, ил болгох хэрэгтэй гэв. Түүнчлэн авто болон явган хүнд зориулсан замыг шинэчлэх, тохижуулах хэрэгцээ шаардлагыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэхийг хүсжээ. Мөн явган хүн зорчих боломжгүй, тохижилт огт хийгээгүй газруудад шинээр зам тавих болон эвдэрч муудсан хэсгүүдийг засах ажлуудыг хийхийг шаардав. Нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгийг жил бүр зам засах, бордюр солих, гүүр, гүүрэн байгууламж барих зэрэг ажилд зарцуулж буй нь татварын мөнгийг үнэгүйдүүлээд зогсохгүй түгжрэл, утаа зэрэг тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ч хумьж байгааг уг шардлагад тусгажээ.