Gen Z үеийн залуусын дунд хүчирхэг хоолойгоороо хэдийн алдаршсан БНСУ-ын дуучин Эйли болон “Bigbang” хамтлагийн Тэян нар Монголд хүрэлцэн ирж, “Super concert” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа энэ сарын 21-нд толилуулах гэж буй билээ. Дэлхийн хэмжээний под од болох дээрх хоёр дуучны амьдралын замнал, уран бүтээлийн түүхээс толилуулъя.
К поп ертөнцийн амьд домог ТЭЯН
Тайзны нэр: Taeyang
- Солонгос нэр: Дун Ён Бэ
- Өндөр: 174 см
- Жин: 58 кг
- Цусны бүлэг: АВ
- Нас: 37 Шашин:
- Христ Хэлний мэдлэг: Солонгос, япон, англи
- Хобби: Хөгжим сонсох, зурагт үзэх, дуулах, бүжиглэх, цэцэрлэгжүүлэх
- Дуртай өнгө: Хар
- Боловсрол: БНСУ-ын Дэжин их сургуулийг 2016 онд театр, кино судлаачаар төгсөн
К поп ертөнцийн домог, алдарт “Bigbang” хамтлагийн дуучин Тэян нь 1988 оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Түүний тайзны Taeyang. Үгчилж орчуулбал солонгосоор нар гэсэн утгатай аж. Тэян 12 наснаасаа “YG” энтертаймэнтад дадлагажигчаар орж, зургаан жилийн дараа 2006 онд “Bigbang” хамтлагийн гишүүнээр дуучны дэбютээ хийсэн. Тэрбээр “Bigbang” хамтлагийн гишүүнээс гадна соло уран бүтээлүүдээрээ олон улсад хэдийн танигдсан дуучин билээ. Түүний “Eyes, nose, lips”, “Wedding dress”, “Ringa linga” зэрэг дуу нь юүтүбд 291 сая хандалтай. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь “Eyes, nose, lips” бөгөөд эл дууг эхнэртээ зориулан бүтээж, түүнийг клипэндээ тоглуулснаараа онцлогтой.
Тэрбээр 2018 онд жүжигчин Мин Хё Ринтэй гэрлэсэн. Түүний эхнэрийг “Sunny” буюу “Нархан бүлгийн охид” киногоор нь бид сайн мэднэ. Хосуудын хуримын ёслол Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд болсон. Тэрбээр эхнэртээ зориулсан дуугаа энэ үеэр дуулж, олон жилийн турш тайзнаа гараагүй “Bigbang” хамтлагийнхан эргэн нийлж, уран бүтээлээ толилуулсан байдаг. Хосууд хуримынхаа дараа Сөүлийн Ганнам дүүрэгт 13.2 сая ам.долларын үнэтэй тансаг байр худалдан авчээ. Уг байрны 94 хувийг Тэяан, үлдсэн зургааг нь түүний эхнэр Мин Хё Рин эзэмшдэг аж. Сонирхуулахад, Ганнам бол “Blackpink” хамтлагийн Женни, IU, G-Dragon, Сон Хе Кё зэрэг алдартнуудын амьдрах дуртай газар аж. “Bigbang” хамтлаг дэлхий даяар 150 сая гаруй цомог борлуулсан бөгөөд 2016 онд “Forbes” сэтгүүлийн 100 алдартны жагсаалтад багтсан анхны солонгос хамтлаг юм. Урлаг, энтертайнмент салбарын баталгаатай эх сурвалж болох “Celebrity talent international”-ээс мэдээлснээр Taeyang болон G-Dragon-ыг тоглолтод урьж оролцуулахад 75-150 мянган ам.долларын үнэтэй гэнэ. Гэхдээ энэ нь уран бүтээлчийн гэрээ, арга хэмжээний төрөл, цар хүрээнээс хамаарч өөрчлөгдөж болно. Мөн 2023 оны байдлаар түүнийг 40 сая ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлжээ.
Тэрбээр “Koreaboo” сайтад өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа “Анх би бяцхан нахиа байсан бол одоо бат бэх үндэстэй, хүчирхэг мод болсон. Эргээд харахад ямар ч амжилт надад амар олдож байгаагүй. Гэхдээ анх ямар байснаа үргэлж дурсаж, хэр хугацаа зарцуулж, ургаж өндийснөө санах болно. Тэгвэл юуг ч даван туулах чадалтай болох юм. Тэян хэмээх уран бүтээлч, Дун Ёнбэ гэх хувь хүнд ч энэ хугацаанд маш олон өөрчлөлт гаргасан. Одоо ч надад байнга шинэ зүйл тохиолдож байдаг. “Bigbang” хамтлагт орохоос өмнө агентлагийнхаа тоглолтод анх удаа дуулах боломж олдсон. Гэхдээ ямар ч амжилт олоогүй. Яагаад гэвэл би сэтгэлээ барьж дийлээгүй. Дадлагажигч байхдаа тэр тайзан дээр олон удаа дуулсан ч өмнө нь надад тусдаа өрөө гаргаж өгч байгаагүй. Гэтэл тэр өдөр хаалган дээр нэрийг минь бичсэн өрөө байх нь тэр. Хараад л нулимс цийлгэнээд эхэлж байгаа юм. Ингээд хэт хөөрөөд алдаа гаргасан. Энэ бол миний анхны эргэлтийн цэг байлаа.
Мэргэжлийн бус үйлдэл гаргасандаа дараа нь өөрийгөө их ч зүхсэн. Хамгийн том хүсэл минь фенүүдийнхээ өмнө үнэн шударгаар уран бүтээлээ толилуулаад зогсох. Би уран бүтээлч хүн, энэ бол миний ажил. Ажлынхаа ачаар, магадгүй хувь заяаны эрхээр би маш их хайрыг мэдэрдэг. Тиймээс энэ хайрыг даах ёстой. Миний дуунууд хэн нэгэнд эрч хүч өгч, зүрх сэтгэлийг нь хөдөлгөж байгаасай гэж хүсдэг. Хэрэв би бусдад аз жаргал бэлэглэж чадвал надад үүнээс өөр юу ч хэрэггүй. Тийм байж чадвал би жинхэнэ аз жаргалтай болно” гэжээ. Мөн “Гоо үзэсгэлэнг тодорхойлооч гэх асуултад гүнзгийгээр хариулбал эхнэр, хүүхэд минь гэж хэлнэ. Хүүхдээ өсөж томорч буйг харах нь амьдралын хамгийн үзэсгэлэнтэй зүйл” гэсэн юм.
Бүх цаг үеийн чартуудыг эзэгнэгч К поп ертөнцийн амьд домог ТЭЯН ЭЙЛИ
- Тайзны нэр: Ailee
- Солонгос нэр: И Е Жин
- Англи нэр: Эми Ли
- Нас: 36
- Хэлний мэдлэг: солонгос, япон, англи
- Өндөр: 164 см
- Жин: 52 кг
- Цусны бүлэг: О
- Хобби: Бүжиглэх, кино үзэх
- Шашин: Христ
- Айдаг зүйл: Харанхуйгаас
- Боловсрол: Пэйсийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцсан
Алдарт дуучин Эйли нь АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод 1989 оны тавдугаар сарын 30-нд айлын ууган охин болон мэндэлжээ. Түүний урлагийн замнал 2012 онд эхэлсэн бөгөөд өдгөө олон жилийн туршид амжилттай уран бүтээлээ туурвиж, Өмнөд Солонгосын төдийгүй олон улсын чартуудыг тэргүүлсээр байна. Дуучин Эйлийг бид “Мөрөөдлөөс ч илүү-2” кино болон “I will show you” хэмээх уран бүтээлээр нь сайн мэднэ. Тэрбээр “Single's inferno” болзооны шоуны нэгдүгээр улиралд оролцож байсан Чой Ши Хүнтэй өнгөрсөн жил хуримласан. Түүний нөхөр Чой Ши Хүн нь өдгөө 32 настай бөгөөд Эйлийгээс дөрөв дүү нэгэн юм. Тэрбээр энэ удаа нөхөртэйгөө манай улсад ирэх аж. Эйли нэгэн нэвтрүүлгийн үеэр нөхөртэйгөө анх хэрхэн танилцсан тухайгаа “Би уг нь хэн нэгэнтэй гэрлэнэ гэж боддоггүй байсан л даа.
Гадуур байнга гараад байдаггүй болохоор хүмүүстэй уулзах нь ховор. Энэ хэвээр амьдарсаар байвал хэнтэй ч гэрлэж чадахгүй нь гэж боддог байлаа. Гэтэл бид санамсаргүй таарсан. Бид “G.o.d” тоглолт хамт үзэхээс өмнө зүгээр л энгийн харилцаатай байв. Тоглолтын үеэр Жүн Пак түүнийг миний найз залуу мөн, эсэхийг асуусан. Тухайн үед би “үгүй” гэж хариулсан ч тоглолтын дараа бид хосууд болсон. Тог¬лолт үзэж байхад тэнд жаахан сэрүүхэн байсан учраас би бага зэрэг даарсан. Тэгэхэд тэр надад хүрмээ тайлж өгсөн. Хүрмийг нь авах үед бидний гар шүргэлцсэн” гэжээ. Мөн тэд нэг ч удаа муудалцаж байгаагүй, ирээдүйд хоёр юм уу гурван хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй гэнэ. Тэрбээр Солонгост дуучин болохоосоо өмнө “Mzamyx3” нэртэй юүтүб сувагт өөрийн дуулсан бичлэгүүдийг оруулж, анх олны танил болжээ. 2012 онд анхны уран бүтээл болох “Heaven” дуугаа олны хүртээл болгож дадлагажигчаас албан ёсоор дуучин болов. Ингээд хоёрхон сарын дараа Азийн хөгжмийн наадмаас Шилдэг шинэ дуучин шагнал хүртжээ. Үүний дараа “MAMA” авардсаас “U&I”, “Singing got better”, “Mind your own business”, “If you” зэрэг бүтээлээрээ ч бас шилдгийн шилдэг шагнал хүртэж байв. Харин түүний хамгийн алдартай дуу нь 2016 онд толилуулсан “I will go to you like the first snow” бөгөөд энэ нь тухайн үеийн залуусыг “хуйлруулж” явсан “Goblin” киноны дуу билээ. Ингээд уг бүтээл “Gaon digital chart”-д хамгийн олон удаа орсон дуу болж, цөөнгүй шагнал хүртсэний эцэст БНСУ-ын дууны зах зээлд хамгийн их бор¬луулалттай киноны дуугаар шалгарчээ. “Goblin” киноны дууг дуулсан нь Эйлийд санаанд оромгүй их амжилт авчирсан юм. Тус оны нэгдүгээр сарын 7-нд уг дуу БНСУын бүх чартын нэгдүгээрт бичигдсэн бөгөөд одоо хүртэл эл бүтээл супер хит хэвээрээ аж.
Мөн түүний “I will show you” хэмээх дуу 2012 онд цацагдсан даруйдаа хит болж, бүх цаг үеийн хамгийн олон сонсогчтой уран бүтээлээр тодорсон билээ. Эл бүтээлийг хуучин найз залуудаа зориулсан бөгөөд үг бүр нь түүний амьдралыг өгүүлнэ хэмээн онцолсон байдаг. Хуучин найз залуу олны танил нэгэн биш бөгөөд түүнийг урлагийн ертөнцөд хөл тавихаас өмнө хоёр тийш болсон аж. Эйли энэ тухай “I will show you” бол шархалсан сэтгэлтэй охин хэрхэн шинэ хүн болж өөрчлөгдсөн тухай түүх” гэсэн юм. Миний өгсөн хувцсыг өмсөөд Миний бэлэглэсэн үнэртнийг түрхээд Одоо ч тэр эмэгтэйтэйгээ уулзаад, бас л инээж суугаа биз Намайг орхиж явахаар тийм хайртай юм гэж үү… хэмээн дурсан санасан, шархалсан сэтгэлээ ийнхүү дуу болгон үлдээсэн нь өдгөө дэлхий нийтийн сайн мэдэх хит бүтээл болжээ.
Солонгос дуучдын хувьд сайхан харагдах нь хамгийн чухал. Тиймээс тэдний жин барих, турах аргууд нь олон нийтийг цочирдуулах нь түгээмэл. Үүний адилаар Эйлийд ч жингээ барих нь маш хэцүү байдаг гэнэ. Тэрбээр дуучин байхын тулд өөрийн жингээс болж маш их хямардаг тухайгаа олон ярилцлагадаа дурджээ. Өмнө нь түүний агентлагаас 49-50 кг жинтэй байх ёстой гэх шаардлага тавьдаг байсан учраас тайзнаа гарахын өмнөх өдрүүдэд маш хатуу дэглэм барьдаг байж. Харин “Hidden singer” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэрбээр “Би өөрийнхөө ямар харагдаж байгаад санаа зовохоо болихоор шийдсэн. Зөвхөн дуулахдаа л анхаарна.
Ер нь хамгийн чухал зүйл бол өөрийгөө хайрлах шүү дээ” гэж хэлсэн байдаг. Ингээд үүнээс хойш буюу сүүлийн таван жил тэрбээр жингээсээ болж олон хүний хэл амны бай болсон юм. Түүнийг хэтэрхий таргалсан, “гахай” гэх мэтээр цахим орчинд шүүмжлэх нь нэмэгдсэн ч тэрбээр саяхан инстаграмдаа “Туранхай байх нь намайг сэтгэл зүйн хямралд оруулдаг байсан. Би одоо л хамгийн аз жаргалтай байна” гэжээ.