Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Ес дэх удаагийн сонгуулиар Ерөнхий сайд асантай нэг тойрогт өрсөлдөн, 42 мянган хүний саналаар сонгогдсон, УИХ-ын шинэ, залуу гишүүн бол Ш.Бямбасүрэн. Тэрбээр УИХ-ын өрсөлдөөн ихтэй VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж, МАН-ын дарга, улс төрд олон жил болсон “томчуудтай” ан мана “үзэлцэн” зургаадугаарт эрэмбэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, долоон мандаттай уг тойрогт АН-аас тодорсон ганц хүн нь Ш.Бямбасүрэн болов. 2008-2012 онд УИХ-д сонгогдсон, 2010 онд МАХН өөрчлөгдөж МАН болоход “Олигархийн нам боллоо” хэмээн шүүмжилж, Хамуг Монголын хөдөлмөрийн нам байгуулж явсан Ц.Шинэбаяр агсны бага хүү юм. Дорнод аймгаас гаралтай, зарчимч улс төрч гэгддэг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаж, улс төрд хөл тавьсан түүнд олон нийтийн зүгээс хүлээлт өндөр байгаа нь дамжиггүй. Түүнийг чамгүй мэдлэг боловсролтой, залуу лидер гэж тодорхойлж буй. Тодруулбал, 2006 онд АНУ-д Trinity Christian ахлах сургуулийг дүүргээд 2010 онд Британийн Салфордын их сургуулийг санхүү, хөрөнгө оруулалтын бакалавр, 2014 онд “Улаанбаатар эрдэм” их сургуулийг англи хэлний мэргэжлийн орчуулагчаар төгсжээ.
Мөн 2016 онд Австрали улсын Баруун Сиднейн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Сургуулиа төгсөж ирээд аавынхаа үүсгэн байгуулсан “Адуунчулуун” ХК-ийн дэд, мөн гэр бүлийн бизнес болох фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Найнги” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. Хо¬жим 2022 онд хүүхэд, залуусын боловсролыг дэмжих зорилгоор “Найнги сан”-г үүсгэн байгуулсан байна. Түүнийг 994 сая төгрөгийн орон сууц, 100 саяын үнэ бүхий автомашин, 40 саяын үнэт эдлэл, 91 сая төгрөгийн хадгаламж, 130 саяар үнэлэгдэх малтай, дөрвөн компанид хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь дурдсан байна. Эцгээс өвлөгдөж ирсэн гэр бүлийн бизнесийнхээ гол эзэмшигч, “хунтайж” нь тэр аж.
Улс төрд нөлөө бүхий хүмүүс, удам дамжсан бизнесмэнүүдийн хүүхдүүд төр түшилцдэг замналыг Ш.Бямбасүрэн ч тойрсонгүй. Орон нутагт бизнес эрхэлж байхдаа нийгмийн шударга бус, ялгавартай байдалтай нүүр тулсны эцэст хуулийн цоорхой үүсгэн, зөрчилтэй хууль баталдаг УИХ “дотор” нь орохоор шийдсэн гэж амбицаа илэрхийлсэн байдаг. Үүний өмнөхөн буюу 2020-2024 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, дэд даргаар ажилласан нь парламент руу хөтлөх зам болжээ. Хувийн хэвшлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй, энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд төвлөрч ажиллана гэж зорилгоо тодорхойлсон ч одоогоор алхам хийгээгүй л байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүн ч санаачилсан хуулийн төсөл ч алга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурна, итгэл үзүүлэхгүй хэмээн мэдэгдэж, хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөж, түүнд итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцсэн хуралдааны үеэр “Та сүүлийн таван жилд завсаргүй Ерөнхий сайдаар ажилласны үр дагаварт эдийн засаг, нийгмийн олон салбарт уналт, хямрал үүсэж, одоо ийм байдалд хүрснийг сануулж хэлье. Төр данхар байна, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэж ярьсныхаа яг эсрэгээр нь явж байгааг ойлгохгүй нь.
Та намын Бага хурал дээрээ АН хамтарсан гэрээг ноцтой зөрчсөн гэж хэлсэн. Гэтэл одоо АН-ын сайд нар маш сайн ажилласан, талархаж явдаг гэлээ. Энэ үг чинь авцалдахгүй байна” гэж шүүмжилсэнд УИХ-д асуудлыг эрүүлээр хардаг ийм залуу байгаа нь сайн хэрэг хэмээн иргэд ам сайтай үлдсэн. Хууль тогтоох байгууллагад сонгогдсоныхоо хэргийг гарган, шударга ёсыг тогтоохын төлөө улс төрийн эр зориг гаргахгүй бол иргэдийн энэ мэт үгс үнс мэт хийсэж мэднэ.