Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн оны хавар гаргаж байв. Тэгвэл тус хорооныхон дахин хуралдаж бодлогын хүүг хуучин хэвэнд нь хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Ингэж шийдвэрлэхдээ эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзсан байна.
АНУ-аас хэрэгжүүлж буй тарифын бодлогын нөлөө, БНХАУ-д сүүлийн саруудад үргэлжилж байгаа барилгын салбарын уналтаас шалтгаалан эрдэс баялагийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж, нүүрс, төмрийн хүдэр, гангийн эрэлт буурсан нь манай улсын эдийн засагт хүнд цохилт болсон. Үүний нөлөөгөөр экспортын орлого тасалдаж, гадаад валютын нөөц хомсдон, төсвийн алдагдал үлэмж ихсээд буй. Гадаад худалдааны нөхцөл сайнгүй байгаа энэ үед дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг хэдийд эхлүүлж, хэрхэн санхүүжүүлэхээс их зүйл хамаарна гэдгийг Төвбанкныхан онцлов.
Инфляцын түвшин тасралтгүй өссөөр өнгөрсөн сард улсын хэмжээнд 9.4 хувьд хүрсэн бол эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс бага буюу 2.4 хувьтай гарсан. Шинжээчдийн тооцооллоор инфляц ирэх улирлуудад 9-10 хувьд хадгалагдсаар 2026 оны эхний улиралд зорилтот интервалд очих, 2025 оны сүүлч гэхэд эдийн засаг зургаан хувиар өсөх хүлээлттэй байна. Гадаад орчны эмзэг байдал буюу нүүрсний борлуулалт, үнийн уналт болон бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтээс шалтгаалан энэ тооцоолол биелэхгүй байх магадлалтайг ч тэд анхааруулав. Иймд инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулахын тулд бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Иргэд тэтгэврийн орлого барьцаалж зээл авах нь сүүлийн жилүүдэд эрс ихэссэнтэй холбоотойгоор ахмад настнуудад ирэх өрийн дарамт, санхүүгийн ачаалал ч нэмэгджээ. Тиймээс тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, өндөр төлбөртэй хүмүүст тулгараад буй бэрхшээлийг шийдвэрлэх хүрээнд банкуудтай хамтран зохицуулалтын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, нэгдсэн стандарт мөрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа дээрх хорооноос мэдээлэв.
Н.Мишээл