Багшийн хомсдолыг бууруулах, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан ажлын хэсэг судалгааны үр дүнгээ танилцууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагчийн 29.5 хувь нь 40-өөс дээш дүүргэлттэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт нөлөөлж буйг уг дүгнэлтэд онцолжээ. Мөн нэг сургуульд 1800-гаас олон хүүхэд суралцуулахгүй байх шаардлагатай гэж үзсэн байна. Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаагаас ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийг тусгаад буй аж. Түүнчлэн багшийн ажлын байрны орчин, нөхцөлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ тогтвортой ажиллахыг санал болгох замаар хүний нөөцийн хомсдолыг шийдэх боломжтой гэнэ. Зарим гишүүн Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байгаа бол цөөнгүй нь шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлсэн аж. УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг судалгааны тайлан, дүгнэлтээ нэгтгэн боловсруулж, энэ хаврын чуулганы хугацаанд УИХ-д танилцуулах юм.
Д.Хэрлэн