Туул гол зарим хэсгээрээ буюу нийслэл орчимд онцгой их бохирдолтой түвшинд хүрснийг холбогдох байгууллагуудаас мэдээлж буй. Тухайлбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Сонгины амнаас Хадан хясаа хүртэлх хэсгийн Туул голын усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хүлцэх агууламжаас 48-106, аммонийн азот 41-96, нитрит азот 2.1-2.7 их байгаа нь илэрсэн. Түүнчлэн Усны газрынхан Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс дээж авч шинжлэхэд гэдэсний савханцар, эмгэг төрөгч нян илэрснийг мэдээлсэн бөгөөд иргэдийг Туул голд сэлэхгүй, усыг нь шууд хэрэглэхгүй байхыг анхааруулсан юм. Үүнтэй зэрэгцээд ундны ус хомсдох аюул нүүрлэж болзошгүй байгааг Монголын мянганы сорилтын сангаас сэрэмжлүүлж эхэллээ. Нийслэлчүүдийн өмнө бохирдол, хомсдол гэсэн хоёр аюул нүүрлэжээ. 2023 оны байдлаар Улаанбаатарын иргэд хоногт дунджаар 160.2 мянган шоо метр ус хэрэглэдэг байсан бол өнгөрсөн жилд эл үзүүлэлт 300 мянган шоо метрээс давжээ. Энэ нь өнгөрөгч оныхоосоо 87.3 хувиар өссөн дүн аж. Нийслэлчүүдийн усны хэрэглээ жилд дунджаар 2-3 хувиар өсдөг байсан нь ийнхүү эвдэгджээ. Иймд цаа¬шид усны бохирдлыг бууруулах, ялангуяа үйлдвэрийн хаягдлыг эх үүсвэр дээр нь цэвэршүүлэх ажилтай зэрэгцүүлэн хэмнэлттэй, зохистой хэрэглээг нутагшуула¬хад анхаарах шаардлагатай гэж дээрх байгууллагынхан үзэж байна. Үүний хүрээнд Монголын мянганы сорилтын сангаас үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэршүүлж, цэвэрлэх байгууламжид ирэх ачааллыг бууруулах, иргэдийн экологийн боловсролыг дэмжих “Шүүн тунгаая” нөлөөллийн аян өрнүүлж эхэлжээ.
Ж.Сувд